“Фэйсбүүк Мессенжер” татаж авахаас татгалз”
Дэлхийн долоон тэрбум хүний нэг тэрбум гаруй нь ухаалаг гар утсандаа татаж авч ашигладаг. Тэгвэл бидний өдөр тутмын байнгын хэрэглээ болох “Фэйсбүүк Мессенжер” эппликейшн нь хувийн мэдээллийг тань хуулж авч цаад эх үүсвэр рүүгээ дамжуулдаг байна. Бусад ухаалаг утасны эппликейшний адил дээрх мессенжер программ нь ч гэсэн татаж авахаас өмнө тодорхой нөхцлийг зөвшөөрөхийг шаарддаг юм. Гэтэл хүмүүсийн ихэнх нь эл нөхцөл болзлыг уншиж танилцалгүй шууд “Хүлээн зөвшөөрөв” гэсэн товчийг дардаг нь алдаа юм.
Тодруулбал: Фэйсбүүк Мессенжер нь сүлжээний холболтыг өөрчилж болдог учраас хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр гар утасны дугаар руу дуудлага хийж, зурвас илгээж, утасны чихэвчээр дамжуулан дурын цагт аудио бичлэг хийж болдог гэнэ. Түүнчлэн хэрэглэгчийн хийсэн бүхий л дуудлагыг бүртгэж, бичлэг хийж, гар утасны дугаарын бүртгэлд нэвтэрч дурын үед болон давтамжит хугацаанд сонгосон дугаарууд руу дуудлага хийж гурав дахь этгээдэд дамжуулах магадлал маш өндөр юм байна.
Фэйсбүүк Мессенжерийн эрсдэлтэй талууд нь утасны тодорхой хэсгүүдэд нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авч хэрэглэгчийн гар утсыг бүртгэхээс гадна дуудлага хийх үед бичлэг хийж болох ба таны гар утсан дахь дансны мэдээллээр дамжуулан бүхий л эппликейшнд нэвтэрдэг юм байна. Өөрөөр хэлбэл таны бүхий л мэдээллийг Фэйсбүүкийн серверт бүртгэн авч боловсруулахаас гадна гурав дахь этгээдэд шилжүүлэх эрх нь мессенжер эппликейшнийг суулгаснаас хойш нээлттэй болно гэсэн үг юм. Хэрэв энэ эрсдлээс өөрийгөө хамгаалъя гэж бодож байгаа бол эл программыг татаж авахгүй байхад л хангалттай аж.