Гадаадад үйлдвэрлэсэн тоглоом импортлохыг хориглох санал тавьжээ
ОХУ-ын Үндэсний намын Дум дахь гишүүд гадаадад үйлдвэрлэсэн тоглоомууд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж импортлохыг хориглохыг Засгийн газраас хүсчээ. Ялангуяа АНУ-д үйлдвэрлэсэн “Monster High” хүүхэлдэйнүүдийг онцлон дурьджээ. Түүнчлэн энэ тоглоомтой холбоотой гомдол эцэг эхчүүдээс багагүй ирдэг гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Тэдний санааг зовоож байгаа гол асуудал нь эдгээр тоглоомууд хүүхдэд амиа хорлох сэдэл төрүүлдэгтэй холбоотой гэнэ. Мөн “Monster High”-ийн хүүхэлдэйнүүд хүүхдэд аймшгийн сэдэвтэй элдэв ер бусын зүйлсийг сонирхоход хүргэдэг хэмээн тайлбарлаж байгаа аж. Иймээс Үндэсний намын гишүүд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэхийг Засгийн газраас хүсчээ. Гишүүдийн санаачлагыг “Үндэсний эцэг эхийн холбоо” ТББ дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.