Каталанчууд Испаниас салан тусгаарлахыг дэмжиж байна
Их Британийг бүрдүүлдэг 4 улсын нэг болох Шотландчуудын нэгэн адил Испаний Каталан бүс нутаг салан тусгаарлаж, бие даасан улс болох талаар яригдаж эхлээд байгаа юм. Тэгвэл энэ асуудлаарх албан бус санал хураалт өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж, Испани улсын засгийн газарт таагүйгээр нөлөөлж магадгүй үр дүн гараад байна. Санал хураалтанд 2 сая гаруй хүн оролцсон нь иргэдийн идэвхи өндөр байсан гэдгийг харуулж байгаа юм. Дэд ерөнхийлөгч Жоана Ортегагийн хэлснээр, салан хураалтад оролцсон иргэдийн 80.72% нь Испаниас салж, тусгаар улс байгуулахыг дэмжисэн байгаа юм. Каталан бүс нутгийн тэргүүн Артур Мас энэ үйл явдалтай холбогдуулж хэлсэн үгэндээ, албан бус санал хураалтын “амжилт” албан ёсны санал асуулгыг даллан уриалж байгааг хэлсэн байна. Харин Испаний Хууль зүйн сайд Рафаэл Катала өчигдрийн санал асуулга бол ямар ч үр нөлөөгүй, ашиггүй гэж хэлсэн байна. 7.5 сая хүн амтай Каталаны бүс нутаг салан тусгаарлахыг эрмэлзэж байгаа гол хүчин зүйл нь эдийн засгийн нөхцөлтэй байдалтай холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм.