Берлиний тэнгэрт долоон мянган гэрэлт бөмбөлөг хөөрлөө
Баруун, Зүүн Германы хоорондох хана “нурсан” ойг тохиолдуулан Берлиний шөнийн тэнгэрт долоон мянган гэрэлт бөмбөлөг хөөргөсөн байна. Энэхүү үйл явдал нь Берлиний хана нурсны 25 жилийн ойн тэмдэглэлт баяр ёслолын ажиллагааны оргил мөч болсон аж. “Энхтайван ба эрх чөлөөний төлөө” хэмээн тус хотын дарга Клаус Воверайт эхний бөмбөлгийг тэнгэрт хөөргөх үедээ тунхаглан билэгджээ.
15 км урттай үзүүлбэр Зүүн,Баруун Германы хоорондох хилийг бүрхэж байсан бөгөөд тусгай суурин дээр бэхэлсэн гэрэлт бөмбөлгүүд нь 25 жилийн тэртээ тухайн үеийн БНАГУ-ын иргэд энхийн жагсаал хийж байсныг билэгдэж байсан аж. Олон зуун мянган берлинчүүд болон жуулчид гэрэлт “ханын нуралтыг” Бетховены хөгжмийн аянд ажиглацгаасан бөгөөд агаарт эхний бөмбөлгүүдийг хөөргөсний дараа Берлиний Улсын найрал хөгжим Даниэль Баренбоймын удирдлага дор Бетховены 9-р симфонийг тоглосон байна.
“Эрхчөлөөнд тэмүүлэх эр зориг” уриатайгаар ХБНГУ-ын нийслэлийн билэг тэмдэг болсон Бранденбургийн хаалганы дэргэд зохиогдсон баярын арга хэмжээнд Германы дээд удирдлагууд буюу ХБНГУ-ын Ерөнхийлөгч Йохим Гаук, Холбооны канцлер Ангела Меркель, мөн хуучны ЗХУ-ын экс-ерөнхийлөгч Михаил Горбачев, Польшийн ерөнхийлөгч асан Лех Валенса болон гадаадын олон хүндтэй зочид оролцсон аж.