Автомашины дэлхийн хамгийн “үнэ цэнтэй - 10” компани
2014 оны 11 сарын 07
Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэнд компаниудыг тодруулдаг “Brand Finance” судалгааны байгууллагаас авто ертөнцийн шилдгүүдийн жагсаалтыг гаргажээ.
Ингээд “Brand Finance Auto - 100” (2014) жагсаалтын эхний арван байрт ямар ямар компаниуд шалгарсныг хамтдаа сонирхоцгооё.
№10. RENAULT / $9.01 ТЭРБУМ
Францын автомашин үйлдвэрлэгч “Renault S.A.” компани 1899 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд загваруудаа Европын зах зээлд л гаргадаг байсан бол өдгөө Ойрхи Дорнод, Ази гээд дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажиллах болсон юм. 2013 оны байдлаар “Renault” маркийн 2.6 сая автомашин арилжаалагджээ.
№9. HYUNDAI / $9.23 ТЭРБУМ
Өмнөд Солонгосын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь “Hyundai Motor Company”, “Samsung” компаниуд билээ. “Hyundai Motor Company” нь 1947 онд инженерчлэлийн фирм хэлбэрээр анх байгуулагдаж байсан бол 1967 оноос автомашин үйлдвэрлэгч болсон түүхтэй юм. Өнөөдөр автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч дэлхийн №4 дэх компаниар нэрлэгддэг “Hyundai Motor Company” нь “Kia Motors” - ийн 32.8% - ийг зээмшдэг бөгөөд 2013 онд л гэхэд 4.721.156 автомашин үйлдвэрлэжээ.
№8. PORSCHE / $11.37 ТЭРБУМ
Спорт загварын гайхалтай автомашин үйлдвэрлэгч “Porsche” нь 1931 онд байгуулагдсан ба 1960-аад оноос дэлхий даяар алдаршсан юм. Компаний үйлдвэрлэсэн “911”, “Spyder”, “Boxster”, “Panamera”, “Cayenne” зэрэг загварууд нь хамгийн алдартай нь юм. Эдгээр загвар нь мотоспортын түүхэнд 28.000 гаруй ялалтыг авчирсан билээ.
№7. FORD / $20.23 ТЭРБУМ
“The Ford Motor Company” бол бизнесийн Форбес сэтгүүлээс онцолсон АНУ-ын түүхэн дэх нөлөө бүхий хамгийн шилдэг компани юм. Компаниас худалдаанд гаргадаг автомашинууд нь хурд хийгээд хүч сайтай гэдгийг хүн бүр мэднэ. 2013 оны байдлаар л гэхэд 2.493.918 автомашин худалдаалсан “The Ford Motor Company” нь “Mazda” - гийн 2.1%, “Aston Martin” - ийн 8%, “Jiangling Motors” - ийн 49% -ийг тус тус эзэмшдэг юм байна.
№6. NISSAN / $21.19 ТЭРБУМ
Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor Company” нь 1999 оноос хойш Францын “Renault” компанитай хамтран ажиллаж ирсэн бөгөөд харилцан ашигтай хувь эзэмшдэг юм. “Nissan” нэрийн автомашинуудыг БНХАУ, ОХУ, Мексик зэрэг оронд хамгийн их худалдаж авдаг ажээ. Өдгөө 81 жилийн ойтойгоо золгож байгаа компанийхан өнгөрөгч 2013 онд л гэхэд дангаараа 5.102.979, “Renault” - тай хамтарч 8.266.098 автомашин худалдаалсан байна.
№5. HONDA / $22.15 ТЭРБУМ
Автомашин үйлдвэрлэлээс гадна хөдөлгүүр, робот, нисэх онгоц, мотоцикл, нарны эрчим хүчний тэжээлийн элемент зэрэг салбар салбартаа тэргүүлэгч “Honda” нь жагсаалтын №5 дугаарт оржээ. 1986 оноос үйлдвэрлэж эхэлсэн “Acura” автомашиныг Европын “BMW”, “Mercedes - Benz”, Азийн “Toyota Lexus” маркийн автомашинуудтай өрсөлдөхүйц загвар гэж үздэг. “Honda” нь 2013 онд АНУ-д бүтээгдэхүүнээ экспортлох эрхийг олж авсан Японы анхны компани болсон гэнэ.
№4. MERCEDES - BENZ / $24.17 ТЭРБУМ
“Mercedes - Benz” бол Герман улсын дэлхийд тэргүүлэгч “Daimler AG” корпорацийн салбар, тансаг зэрэглэлийн №1 автомашин үйлдвэрлэгч компани билээ. 1926 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн компани нь “Зөвхөн шилдгийг нь эсвэл юуг ч биш” гэсэн уриатай бөгөөд “BMW”, “Audi” болон “Mercedes - Benz” нь Европын хамгийн их борлуулалттай автомашин үйлдвэрлэгчид юм.
№3. VOLKSWAGEN / $27.06 ТЭРБУМ
“24/7 Wall St.” сэтгүүлийн онцолсноор “VW Golf”, “VW Beetle”, “VW Passat” загварууд нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай “Топ - 10” машины жагсаалтад гурвуулаа бичигдсэн нь энэхүү брэндийн ямар үнэ цэнтэйг гэрчилнэ. “VW” маркийн машинууд Европ, Хойд Америк, Азийн орнуудын зах зээлийн шилдэг унаа төдийгүй 2013 онд л гэхэд 8.576.964 - ийг худалдаалсан үзүүлэлтээрээ үнэхээр л ард түмний “сонгомол” хүлэг билээ.
№2. BMW / $28.96 ТЭРБУМ
Хэн хүний хамгийн ихээр хүсэмжилдэг “мөрөөдлийн” автомашинаар нэрлэгддэг “BMW Group” нь 1916 онд үүсгэн байгуулагджээ. Германы автомашины томоохон төлөөлөгчдийн нэг “BMW” нь тансаг зэрэглэлийн “Rolls - Royce” брэндийг эзэмшдэг бөгөөд мотоспортын “Formula One” уралдаанд зориулж хурд хүчний манлай болсон төмөр хүлгүүдийг үйлдвэрлэдэг.
№1. TOYOTA / $34.9 ТЭРБУМ
Дэлхийн автомашины зах зээлийг ашиг орлогоороо тэргүүлэгчдийн нэг Японы “Toyota Motor Corporation” нь авто ертөнцийн дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудыг $34.9 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлжээ. “Hino”, “Lexus”, “Ranz”, “Scion” гэсэн үндсэн таван брэнд машиныг худалдаанд гаргадаг “Toyota Motor Corporation” 1937 онд байгуулагдсан түүхтэй. Дэлхий даяар 545 салбар компанитай “Toyota Motor Company” нь 333.498 гаруй ажилтантай ба 2013 онд л гэхэд 8.381.968 автомашин үйлдвэрлэсэн юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11634
0 эможи