В.Путин: БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэх нь Оросын гадаад бодлогод чухал ач холбогдолтой

2014 оны 11 сарын 07

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Транс-Номхондалайн хамтын ажиллагааг ОХУ, БНХАУ-гүйгээр байгуулах талаарх АНУ-ын төлөвлөгөөний эсрэг саналаа хэлсэн байна. “Транс-Номхондалайн хамтын ажиллагаа гэдэг нь өөртөө ашигтай бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны “уран барилгыг” байгуулах гэсэн АНУ-ын ээлжит оролдлого гэдэг нь илт байна” хэмээн Оросын Ерөнхийлөгч хятадын тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө дурджээ. Мөн “Орос, Хятад гэх мэт бүс нутгийн томоохон тоглогчид түүний бүрэлдэхүүнд багтахгүй байх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг үр дүнтэй болгоход бэрхшээлтэй байх болов уу” гэсэн аж.

Путины саналаар бол, Ази-Номхондалайн бүс нутаг дахь аж ахуйн харилцаа холбооны олон талт систем нь тухайн бүс нутагт орших бүхий л улс орнуудын эрх ашгийг тооцоолсон нөхцөлд илүү бат бөх байх болно гэжээ. “Иймэрхүү чиглэл хандлага чөлөөт худалдааны Ази-Номхондалайн бүсийг бий болгоход хамтрах талаарх Бээжингийн замын зураглалын төсөлд тусгалаа олсон бөгөөд энэ талаар 11-р сарын 10-11-ний өдрүүдэд Бээжинд болох АПЕК-ийн удирдагчдын уулзалт дээр хэлэлцэгдэх юм” хэмээн Оросын удирдагч онцлон тэмдэглэсэн байна.

Транс-Номхондалайн хамтын ажиллагаа нь түүнийг зохион байгуулагчдын үзэж буйгаар, тус бүс нутагт чөлөөт худалдааны бүсийг зохицуулах үүрэг бүхий олон улсын худалдаа эдийн засгийн байгууллага болох аж. Анх энэхүү үзэл санааг 2003 онд Шинэ Зеланд, Сингапур, Чили улсууд гаргаж ирэн, хоёр жилийн дараа Брунейтэй хамтын ажиллагааны гарын үсэг зурж байсан бөгөөд харин АНУ энэ төслийг 2008 оноос сонирхож эхэлсэн билээ. Одоогоор уг төсөл бүрэн баталгаажаагүй, ярилцлагын түвшинд байгаа ба зарим шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь АПЕК-тай төстэй болох бололтой.

Владимир Путины үзэж буйгаар, “Чөлөөт худалдааны талаар төрөл бүрийн хэлбэрийн хэлэлцээрийг хийх нь бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд ач холбогдолтой хэдий ч эв нэгдлийг бусниулж, хооронд нь сөргөлдүүлэх явдал байж боломгүй. Тиймэрхүү хэлцлүүдийг ил тод нээлттэй, эрх тэгш байдал, бүс нутаг дахь улс орон бүрийн эдийн засгийн хэрэгцээг тооцоолсны үндсэн дээр хийх нь зүйтэй. Бүс нутгийн уялдаа холбоо нь цэвэр тунгалаг шинж чанартай байж, бүхий л хэлцлүүдийн явцад мэдээллээ харилцан солилцох боломжоор хангагдаж байх ёстой” гэж Оросын төрийн тэргүүн тайлбарласан аж.

Орос, Хятадын хамтын ажиллагааны талаарх асуудалтай холбогдуулан, олон улсын анхаарал татсан асуудлуудын хувьд Москва, Бээжин хоёр ижил байр сууринаас хандаж байгаа хэмээн Путин тэмдэглээд, “Дэлхий нийтийн болон бүс нутгийн гол амин чухал асуудлуудын хувьд манай хоёр орны байр суурь, ойр дөт байдал биднийг нэгтгэж байна. Манай хоёр орон олон талт үйл ажиллагааны хүрээнд харилцан үр ашигтайгаар хамтран ажиллаж байгаа бөгөөд бидний үйл ажиллагаа олон улсын анхаарал татсан асуудлуудыг шийдвэрлэх явдалтай нягт уялдаж байгаа” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч өгүүлсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11612
0 эможи
keyboard_arrow_up