Иран цөмийн хэлэлцээрийг батлах нөхцөлөө зарлалаа
Ираны эрх баригчид тус улсын цөмийн хөтөлбөрийн гэрээг батлах болзлоо зарлажээ. Ираны Гадаад хэргийн сайд М.Зариф тус улсын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээрийн зуучлагчид(АНУ, Хятад, Их Британи, ОХУ, Франц, Герман) энхийн зорилгоор цөмийн эрчим хүч ашиглах эрхтэйг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг гэрээг батална гэдгийг мэдэгдсэн байна. Ираны сайд Норвегийн Гадаад хэргийн сайдтай өнгөрсөн ням гаригт уулзах үеэрээ энэ тухай хэлсэн аж. Норвегийн сайд шинэ гэрээ нь Иран болон Европын холбооны хооронд тогтсон харилцааг бэхжүүлэх боломж олгоно гэдгийг өгүүлжээ. Ираны цөмийн асуудлыг хэлэлцэж буй зургаан талт хэлэлцээрийн ээлжит уулзалт арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Оманы нийслэл Маскат хотноо болно. Энэ хэлэлцээрт оролцож буй зуучлагчид болон Ираны эрх баригчид тус улсын цөмийн хөтөлбөрийг зөвхөн энхийн зорилготой гэдгийг албан ёсоор баталгаажуулж, Тегераны эсрэг тавьсан эдийн засгийн хоригуудыг аажмаар цуцлах зорилготой ажиллаж байна. Европын холбоо, АНУ-ын эрх баригчид 2012 онд Ираны эсрэг эдийн засгийн хориг тавьж, олборлосон газрын тосоо худалдах боломжийг нь хязгаарласан юм. Тухайн үед Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрөө зогсоолгүй үргэлжлүүлсэн нь хориг тавих үндэслэл болсон аж. Барууны орнууд Ираныг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж, цөмийн зэвсэгтэй болохыг зорьж байна хэмээн харддаг бол Тегеран тус хөтөлбөр нь зөвхөн эрчим хүч гарган авах буюу энхийн зорилготой болохыг мэдэгддэг.