Малала “Дэлхийн хүүхдийн шагнал” хүртэв
Шведийн сан “Дэлхийн хүүхдийн шагнал”-ын эзэнг жил бүр дэлхий даяарх хүүхдүүдийн дунд санал асуулга явуулан сонгодог уламжлалтай. Энэ жилийн хувьд тус шагналыг хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч хамгийн залуу Нобелтон Пакистаны 17 настай Малала Юсафзай охин хүртжээ.
Өчигдөр Шведийн нийслэл Стокгольм хотод зохион байгуулагдсан шагнал гардуулах ёслол үеэр Малала “Бүх хүүхдүүд чанартай боловсрол эзэмшихийн төлөө тэмцэцгээе” хэмээн уриалсан байна. “Дэлхийн хүүхдийн шагнал”-ыг хүүхдийн нобелийн шагнал ч гэж нэрлэх нь байдаг бөгөөд хоёр сая орчим хүүхдүүдийн дунд санал асуулга явуулж, энэ удаагийн шагналтанг сонгожээ.
Шагналыг 50 мянган ам.доллар дагалдан очих аж. Малала энэ мөнгөө Газын зурвас дахь сургуулийн сэргээн босголтод зориулах бодолтой байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.