Хятадын хэвлэлүүдэд Си Зиньпиний ажлын өдрийн талаар бичжээ
БНХАУ-ын даргын ажлын өдөр хэрхэн өнгөрдөг талаарх нийтлэлийг The Shanghai Observer сонинд нийтэлсэн бөгөөд тус улсын “Синьхуа” агентлагаас авахуулаад бусад гол мэдээллийн хэрэгслүүдээр энэхүү материал түгээгдсэн байна.
Зохиогч нь Си Зиньпин даргын ойрын холбоотон, “олон улсын харилцааны мэргэжилтэн” нэгэн бөгөөд тодорхой нэр тавигдаагүй аж. Түүний өгүүлснээр, Си Зиньпин дарга аливаа ажлыг их эрчимтэйгээр барьж авдаг бөгөөд маш шуурхай гүйцэтгэдэг юм байна. Тэрээр ажил дээрээ өглөө, оройн цагаар ч байж байдаг ба маш хурдан алхалдаг учраас зөвлөхүүд нь бараг гүйцэж чадахгүйд хүрдэг аж. Тэр хором бүрийг дээд зэргээр ашиглахыг хичээдэг бөгөөд өөрийн харьяаны албан тушаалтнуудаа ч тийм байхыг шаарддаг юм байна.
Жишээ болгож зохиогч өнгөрөгч баасан гариг буюу 10-р сарын 24-ний ажлын өдрийг авч үзжээ. Тэр өдөр Си Зиньпин дарга Танзанийн Ерөнхийлөгч Жакайя Кикветийг Бээжин хотноо хүлээн авсан байна. “Бид араас нь дагаж гүйцэхээргүй, тийм хурдтайгаар дарга явж байсан” хэмээн зохиогч өгүүлжээ. Түүний дурдсанаар, уулзалтын үед Си Зиньпин дарга цагаа хэмнэхийн тулд дараалсан бус зэрэгцсэн орчуулга хийлгэж байсан ба энэ үед хошин шогийн мэдрэмжээ орхилгүй, үе үе инээж байсан аж.
Дашрамд дурдахад, Си Зиньпин 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга болсон бөгөөд үүнээс өмнө ч хэвлэл мэдээллүүдэд түүнийг “хүсэл зорилготой, тогтвор суурьшилтай, алсын хараатай шилдэг улстөрч” хэмээн бичдэг байжээ. Төрийн дээд албан тушаалд очсоны дараахан Си Зиньпин гурван зорилго бүхий үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Үүнд: Хятад улсыг баян бөгөөд хүчирхэг орон болгож хувиргах, хятад үндэстний эрчимтэй хөгжил, ард түмний амьдралаа аз жаргалтай болгох гэсэн зорилтууд тавьсан аж.