Дилма Роуссефф Бразилийн Ерөнхийлөгчөөр ахин сонгогдлоо

2014 оны 10 сарын 27

Бразилийн Ерөнхийлөгчийг сонгох хоёрдугаар шатны санал хураалт өчигдөр явагдаж өнгөрсөн бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф төрийн тэргүүнээр дахин дөрвөн жил ажиллахаар болжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр, Дилма Роуссефф нийт сонгогчдын 51,48 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч, сөрөг хүчний социал-демократ намын дарга Аэсиу Нэвисийг 48,52 хувь нь дэмжсэн аж.

Бразилийн Ерөнхийлөгч өөрийн орны иргэддээ хандан, эх орон, ард түмнийхээ тусын тулд эвлэлдэн нэгдэж, хэлцлийн замаар асуудлуудаа шийдэж байхыг уриалсан байна. Тэрээр төрийн үндсэн салбаруудын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор улстөрийн шинэчлэл хийнэ хэмээн амлажээ.

Бразилид болсон цуглаан дээр төрийн тэргүүн “Сонгуулийн санал хураалтын дүнгээс болж бразилчууд хуваагдана гэдэгт би итгэхгүй байна. Бага зэргийн давуу байдлаар байгуулсан ялалт маань илүү хурдацтай, гүнзгий өөрчлөлтөд хүргэх болно гэдэгт харин би итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна. Мөн “Би шинэчлэлийг эхлүүлэх, ялангуяа улс төрийн хүрээнд нэн тэргүүнд эхлүүлэхийн тулд улс эх орноо ардчилсан, энхийн замаар удирдахад бэлэн байна” гээд, авлигатай тууштай тэмцэл өрнүүлэн, нийгмийн халамжийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэдгээ амласан аж.

Түүний нэн тэргүүний зорилт нь үндэсний эдийн засгийн өсөлтийг хангах явдал юм. Дилма Роуссеффийн ялалтад засгийн газраас тууштай хэрэгжүүлж байсан нийгмийн халамжийн хөтөлбөрийн ачаар аж амьдрал нь дээшилсэн иргэдийн санал ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Америкийн энэхүү том орны 20 сая гаруй иргэд үгээгүй ядуу байдлаас сугаран гарч, “дундажаас доогуур түвшин” гэсэн нийгмийн ангилалд шилжиж чадсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10802
0 эможи
keyboard_arrow_up