АНУ бусдыг айлгахын тулд өөрийнхнөө “балбаж” байна
Вашингтоны зүгээс өөрийн НАТО-ын холбоотон болох Унгарын Засгийн газарт хориг тавихаа амласан байна. Америкийн дипломатуудын өнгөрөгч амралтын өдрүүдээр гаргасан энэхүү хачирхалтай шийдвэрийн талаар Унгарын хэвлэл мэдээллүүд ид шуугиж байгаа аж.
Унгарын олон тооны төрийн зүтгэлтнүүдэд хориг тавих болсноо Вашингтон мэдэгдээд байгаа бөгөөд “хар жагсаалт” нь хараахан зарлагдаагүй байгаа бололтой. Шинжээчдийн үзэж буйгаар, Вашингтон өөрийн “бодит байдлаа” дэлхий дахинд гайхуулахын тулд НАТО-ын холбоотноо шийтгэхээр шийдлээ гэж таамаглаж байна.
Даваа гаригт Hungarian Voice сайтад нийтэлснээр, хориг арга хэмжээний гол шалтгаан нь Унгарын Засгийн газар Москватай “ойртон дотноссон” явдал юм байна. Унгарын хэвлэлд бичиж буйгаар, хориг арга хэмжээ ихэвчлэн Ерөнхий сайд Виктор Орбаны тойрон хүрээллийнхнийг хамрах бөгөөд мөн тус оронд үйл ажиллагаа эрхэлдэг Америкийн компаниудыг мөрдөн шалгахад идэвхтэй оролцсон татварын албаны зарим түшмэдүүд орж болзошгүй байгаа аж.
Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто АНУ-д хандан тодорхой тайлбар шаардсан бөгөөд иймэрхүү арга хэмжээг авахын тулд тодорхой шалтгаан байх ёстой, харин Вашингтоны зүгээс өгч буй “бүрхэг” тайлбар шаардлага хангахгүй байна хэмээн өгүүлжээ.
Унгарын хэвлэлийнхний таамаглал үнэний хувьтай юм. Сүүлийн үед Орос, Унгарын хоорондох харилцаа ихэд сайжран, хэд хэдэн салбарт нягт хамтран ажиллахаар болоод байгаа билээ. Ерөнхий сайд Орбан энэ оны эхээр Москвад ирж байсан бөгөөд үндэсний эрчим хүчний системийн шинэчлэл, ялангуяа атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллахыг Орост санал болгосон юм.
Унгарын Nepszabadsag сонинд бичсэнээр, тус улсын “Пакш” АЦС-д эрчим хүчний хоёр шинэ блок тавихад Москва оролцох талаар яригдаж байгаа бөгөөд гэрээний эхний үнэлгээ 18 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Чухамдаа “Пакш”-д Москва оролцох болсон нь АНУ-д таалагдахгүй байна гэж Nepszabadsag таамаглажээ.
Ерөнхий сайд Орбан мөн ЕХ-ны Орост хандаж буй байдалд шүүмжлэлтэй хандан, гаргаж буй үйлдлүүд нь өөрийнхөө хөл рүү буудаж байгаа хүний араншинг санагдуулж байна хэмээн наймдугаар сард мэдэгдэж байсан билээ. Түүний үзэж буйгаар, ЕХ Оросоос илүү өөрийн эдийн засагтаа ихээхэн хор хохирол учруулж байна гэжээ. Мөн “Путины Оросыг” өөрийн улстөрийн үлгэр жишээ хэмээн шууд хэлж байсан аж.