Меркель: Украины газын асуудлыг шийдэхэд зээл хэрэгтэй
Украины хийн хангамжийг тасалдуулахгүй байлгахын тулд зээлийн эх үүсвэрийг олох хэрэгтэй байна хэмээн Германы канцлер Ангела Меркель өчигдөр Словакийн Ерөнхий сайд Роберт Фицотой ярилцахдаа өгүүлсэн байна.
“Үүссэн нөхцөл байдлыг даван туулахуйц зээлийн эх үүсвэрийг олох талаар одоо яригдаж байна. Бид асуудлыг сайн замаар шийдэж байгаа хэдий ч одоогоор зорилгодоо хараахан хүрээгүй байна. Гэвч ЕХ тодорхой шийдлүүдийг олж чадвал энэ боломжтой юм. Үүний тулд бидэнд цаашид хэрхэх талаар хэлцлүүд хийх хэрэгтэй байна” гэж Меркель хэлжээ.
Түүний саналаар бол, “ЕХ, Украин, Оросын хооронд хийгдэх хэлэлцээр нь өвлийн хугацаанд хийн нийлүүлэлтийг тасралтгүй хангахад чиглэгдэх” хэрэгтэй гэсэн аж. “Бид одоо тодорхой шийдлийг олох шаардлагатай гэдгийг мэдээлж байна” гэж тэрээр нэмэн өгүүлсэн байна.
Ангела Меркель өчигдөр Словак улсад нэг өдрийн ажлын айлчлал хийсэн бөгөөд тэрээр Роберт Фицогоос гадна тус улсын Ерөнхийлөгч Андрей Кискатай хэлэлцээр хийсэн аж.
Өнгөрөгч баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Орос улс Украины газын өрний асуудлаар ярилцахад бэлэн байгаа бөгөөд ЕХ энэ талаар Украинд дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Өмнө нь, Чехийн Гадаад хэргийн сайд Лубомир Заоралек “Украиныг улстөр, эдийн засгийн тодорхой нөхцлүүдийг мөрдсөн тохиолдолд газын өрөө шийдэхэд нь ЕХ мөнгө өгч болох юм” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Дашрамд дурдахад, Украины өрнөөс хамгийн багадаа 5,5 тэрбум ам. долларыг авч гүйцээгүй байгаа боловч газын үнээ 100 доллараар хямдруулан шинээр тооцоолоход Орос улс бэлэн байна хэмээн Владимир Путин энэ сарын 17-ны өдөр мэдэгдэл хийсэн юм. Мөн газын нийлүүлэлтийг ядаж өвлийн улиралд дахин сэргээх талаар Москва, Киевийн талууд харилцан тохиролцлоо гэж тэрээр мэдэгдсэн билээ.
Олон улсын валютын сан /ОУВС/-гийн зүгээс Украинд 17 тэрбум долларын тусламж үзүүлэхээр амласан ба зээлийн эхний хэсэг болох 3,2 тэрбум ам.долларыг өнгөрсөн тавдугаар сард Киев хүлээн авсан бөгөөд есдүгээр сарын 4-нд хоёр дахь ээлжийн 1,39 тэрбум ам.долларыг ОУВС-аас хүлээн авлаа хэмээн Украины эрх баригчид мэдэгдсэн юм. Украины Сангийн сайд Александр Шлапак ОУВС-д хандан, гурав, дөрөв дэх ээлжийн мөнгөө нэгтгэн, он дуусахаас өмнө 2,2-2,3 тэрбум ам.долларыг нийлүүлэхийг хүссэн аж.