Арсений Яценюк “их цэвэрлэгээ” эхлүүллээ

2014 оны 10 сарын 17

Украины “Засгийн цэвэрлэгээний тухай” хуулийн хүрээнд төрийн 39 албан хаагчдыг халсан тухай өчигдөр Сайд нарын Зөвлөлөөс мэдээлсэн бөгөөд эдгээр халагдсан нөхдүүд ойрын 10 жилийн хугацаанд төрийн эрх барих байгууллагад ажиллах боломжгүй юм байна.Тэдний дунд хэд хэдэн агентлагийн дарга, орлогчид орж байгаа аж.

Украины Ерөнхий сайд Арсений Яценюк энэхүү шийдвэрийг Дээд Зөвлөл /Рада/-д танилцуулангаа, “Эд бол гүйцэтгэх засаглалын төв байгууллагуудын удирдлагууд, дэд сайдууд, үндэсний комиссын гишүүд юм” хэмээн мэдэгджээ.

Дараахан нь, Сайд нарын Зөвлөлийн албан ёсны сайт дээр халагдсан албан тушаалтнуудын хэд хэдэн хэсэгт хуваагдсан жагсаалт нийтлэгдсэн байна. Эхний хэсэгт гүйцэтгэх засаглалын төв байгууллагын 21 албан тушаалтан багтсан ба тэд ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дагуу халагдаж байгаа, хоёрдугаар хэсэгт 19 албан тушаалтны нэрс орсон бөгөөд тэд халагдах хүсэлтээ өөрсдөө гаргасан аж. Жишээ нь, Уулын болон аж үйлдвэрлэлийн аюулгүй байдлын албаны дэд дарга Виктор Шайтан, Сансрын агентлагийн дэд дарга Сергей Засуха, Улсын санхүүгийн хянан шалгахын дэд дарга Георгий Берадзе тэргүүтэй хүмүүс байна.

Гуравдугаар хэсэгт, Сайд нарын зөвлөлийн бүрэн эрхэд хамааралгүй, Засгийн газрын зүгээс Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж буй 10 албан тушаалтан багтаж байна. Мөн Кировоградын захирагч Сергей Кузьменког халах саналыг Засгийн газраас Ерөнхийлөгчид тавьж байгаа аж.

Дашрамд дурдахад, өнгөрөгч есдүгээр сарын 16-нд “Засгийн цэвэрлэгээний тухай” хуулийг баталсан бөгөөд өчигдрөөс уг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна. Украины Засгийн газар энэхүү хуулийн дагуу албан тушаалтнуудыг хянаж шалгах дэс дарааллыг тогтоосон бөгөөд уг “цэвэрлэгээ” 2017 он хүртэл явагдах юм.

Харамсалтай нь, энэхүү халагдагсдын жагсаалт дотор Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков, Улсын хил хамгаалах албаны дарга Николай Литвинов, депутат Сергей Кивалов, прокурор Александр Остапенко зэрэг Евромайданы жагсагчдын огцруулахыг шаардаж байсан олон хүмүүсээс бараг нэг ч ороогүй аж.

Энэхүү “их цэвэрлэгээ” нь төрийн албаны хувьд маш үнэ цэнэтэй олон хүмүүсээ алдаж буй хэрэг болж байна хэмээн Бүс нутгийн намаас Украины Дээд зөвлөлд сонгогдсон депутат Евгений Балицкий өгүүлжээ. “Энэ бол зүгээр л улстөрийн жүжиглэл. Жишээ нь, Василий Сташук /Украины усны нөөцийн агентлагийн дарга/ хар жагсаалтад орсон байна. Би түүнийг олон жилийн өмнөөс сайн мэднэ. Тэр бол мэргэжлийн хувьд хаа ч байхгүй өндөр зэрэглэлийн, чадалтай хүн. Тиймээс ч тэр өөр салбарт зовлонгүй ажил олчихно. Харин үнэхээр чадалтай иймэрхүү мэргэжилтнээ алдаж буй нь улсад гарз хохиролтой юм. Тэр Януковичийн үед ч, Кравчукийн үед ч, Ющенкогийн үед ч өөрийн салбартаа ажилласаар л байсан. Хэрэв хүн хулгай хийсэн, эсвэл авлига авсан юм бол шүүхээр шалгаж тогтоо л доо. Энэ ажлаас халж буй жагсаалтыг харахад, зүгээр л хувийн үзэмжээр гаргасан нь илт байна” гэж сонинд ярилцлага өгөхдөө эгдүүцлээ илэрхийлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10321
0 эможи
keyboard_arrow_up