Эбола вирус 9 улсад бүртгэгдэж, 8105 хүн өвчлөөд байна
2014 оны 10-р сарын 8-ны байдлаар Эбола вируст халдвар 9 улсад бүртгэгдэн вирусээр өвчлөгсөдийн тоо 8105-д хүрч, 3908 хүн нас баржээ. 2014 оны 10 сарын 7-нд Эбола вируст халдварын нэг шинэ тохиолдол Испанид бүртгэгджээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн нэвтрэх цэгүүдэд термокамераар хяналт хийж, болзошгүй тохиолдолд авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Халдварын нууц хугацаандаа зөөвөрлөгдөж, улс оронд орж ирсэн хойноо өвчлөх явдал гарч байгаа тул иргэд болгоомжтой, сэрэмжтэй байх, шаардлагагүй бол өвчлөл гарсан орнуудад зорчихгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай холбогдох газруудад мэдэгдэх хэрэгтэй.
Эбола вируст халдвар, түүнээс сэрэмжлүүлэх зөвлөмжийг ЭНД-ээс үзээрэй.
MERS-CoV-ийн халдварын мэдээ
MERS/CoV халдварын нийт 853 тохиолдол бүртгэгдэж, 301 тохиолдол нас барсан байна. Энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Австрали улсад MERS-CoV-ийн лабораториор батлагдсан анхны тохиолдлыг мэдээлсэн байна. Энэ тохиолдол нь 29 настай эмэгтэй, 9-р сарын 22-нд Саудын Арабын Доха хотоос Австрали улсад ирсэн байна. Өвчтөн Affif хотоос Riyadh хот хүртэл машинаар аялсан ба Австрали улсад ирэхдээ амьсгалын дээд замын үрэвслийн шинж тэмдэг, халуурсан зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байсан байна. Асуумжаар тэмээ болон тэмээний гаралтай бүтээгдэхүүнтэй харьцаагүй, өвчтэй хүнтэй хавьтал болоогүй байна.
Австрали улсад өвчтөний хавьтлыг тогтоон хяналтанд авах, Саудын Арабаас ирч байгаа зорчигч нарт хийх хяналтыг сайжруулах ажлуудыг зохион байгуулж байна. MERS-CoV-ийн лабораториор батлагдсан нийт 853 тохиолдол бүртгэгдснээс нас баралт 301(35.3%) байна.
ДЭМБ-аас дараах зөвлөмжүүдийг өгч байна.
Цочмог, хүнд хэлбэрийн амьсгалын замын халдваруудын тандалтыг сайжруулах, ердийн бус хэвшинжийн халдварыг анхаарах.
Халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хяналтыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Иргэдэд гар угаах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар сурталчилгааг явуулах
Шаардлагагүй бол өвчлөл бүртгэгдсэн улс орноор зорчихгүй байх