Крымчүүд Оростой нэгдэхийг дэмжлээ
Крымд болсон бүх нийтийн нээлттэй санал асуулга амжилттай өндөрлөсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өчигдөр Крымийн ард түмэн ирээдүйн хувь заяагаа шийдэж “Оростой нэгдэх үү, Украинтай нэгдэх үү” гэсэн түүхэн сонголт хийсэн юм.
Тус улсын Засгийн газраас мэдэгдэж буйгаар “Санал хураалтад Крымийн иргэдийн 95.2 хувь буюу 1.4 сая иргэн саналаа өгсөн бол урьдчилсан дүнгээр 80.22 хувь нь “Крым Оросыг дагах зөв хэмээн” дугуйлсан” гэв.
Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар “Нээлттэй санал хураалтын үеэр нэг талыг баримталсан хүмүүс саналаа өгч байсан. Украины шинэ Засгийн газар Крымд амьдарч, ажиллаж буй иргэдээ энэхүү санал хураалтад оролцохгүй байхыг уриалсантай холбоотойгоор санал өгч буй 10 иргэний 8-9 нь оросууд байсан гэв. Мөн санал хураалт явагдаж байхад эсэргүүцийн жагсаал нэгэн зэрэг болсон ч Оросын армийн цэргүүд гал унтрааж байгаа мэт амархан тарааж эмх замбараагүй байдал гарахаас сэргийлж байсан” гэжээ.
Энэхүү нээлттэй санал асуулгын урдчилсан дүнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэж Крымийн ард түмэнд туслахаа амласан байна. Украины шинэ Засгийн газар энэхүү санал хураалтыг эсэргүүцэж, олон улсын шүүхэд хандахаа мэдэгджээ. Санал асуулгыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн 169 байгууллагын 600 орчим сэтгүүлч сурвалжлагч ажиллаж, ямар ч булхайгүй явагдсан гэдгийг онцолжээ.