В.Путины нэр хүнд өсөв
Сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ улс орнуудын дотоод хэрэгт оролцож, төр засгийг нь сольж, өөрийн нөлөөг тогтоох стратеги барьж ирсэн. Тухайлбал, Ирак, Ливид шууд цэргийн цохилт өгч, харин Гүрж, Украинд дотоодын цэргийн “эргэлт” гаргаж, өөрийн бодлогоо гүйцэлдүүлэхээр улайрч байна гэж ажиглагчид дүгнэж буй.
Украины асуудлаар баримталж буй бодлогын хүрээнд дэлхийн улс орнуудын олон судалгааны компани В.Путин, Б.Обама нарт дүн тавьжээ.
Хоёр хоногийн өмнө Оросын олон нийтийн судалгааны “FOM” компани “Ирэх ням гарагт улс төрийн сонгууль болбол хэний төлөө санал өгөх вэ?” гэсэн судалгаа явуулахад, оролцогчдын 53 хувь нь В.Путиныг дугуйлжээ. Яг долоо хоногийн өмнө В.Путин уг асуултад 48 хувийн санал авсан аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, судалгааны дүнгийн тогтвортой байдлаас харахад жинхэнэ сонгууль болбол В.Путин 70 хувийн санал авах боломжтой аж. Мөн Оросын судалгааны бусад байгууллагын ижил сэдэвт судалгааны дүн ч мөн “FOM” компанийн дүнтэй ойролцоо гарсан байна. Тухайлбал, “Лебада центр” судалгааны байгууллагаас 1603 хүний дунд явуулсан судалгаагаар тэдний 69 хувь В.Путиныг дэмжсэн хариулт өгчээ. Мөн “ВЦИОМ” судалгааны төвийн хийсэн санал асуулгын дүнд иргэдийн 68 хувь В.Путиныг дэмжсэн байна.