Сураггүй болсон онгоцонд Монгол руу зорчиж байсан 2 иргэн байжээ
Малайзын нийслэл Куала Лумпураас Бээжингийн чиглэлд нисээд сураггүй болсон Малайзын агаарын тээврийн 370 нислэгийн дугаартай, "Boeing 777-200ER" онгоц 2014 оны 3-р сарын 07-08-нд шилжих шөнө буюу 02.40 цагийн үед холбоо тасарч, сураггүй болсон. Тодруулбал, 239 зорчигчтой явсан тус агаарын хөлөг 3-р сарын 08-ны 06.30 цагт Бээжинд газардах хуваарьтай байсан боловч Вьетнамын бүс нутаг дахь агаарын орон зайд нисэж байхдаа холбоо тасарсан юм.
Удалгүй Вьетнамын зүгээс энэхүү онгоцыг тэнгист унасан гэдгийг мэдээлсэн ч Малайзын албаныхан үүнийг үгүйсгэн, онгоц осолдсон гэх ямар нэгэн нотолгоо олдоогүй болохыг онцолсон аж.
Түүнчлэн энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор Малайз болон Вьетнам, БНХАУ-ын холбогдох албаныхан эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Тус агаарын хөлөгт 239 зорчигч, нисэх багийн 12 гишүүн байжээ. Тодруулбал, Хятад болон Тайваны 153, Малайзын 38, Индонезийн 7, Австралийн 6, Энэтхэгийн 5, Францын 3 иргэн зэрэг нийт 14 улсын зорчигч байсан ба тэдгээрээс 2 нь манай улс руу зорчиж байсан талаар тус улсын агаарын тээврийн албанаас мэдээлжээ.









