Орос улс 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд 30 тэрбум евро төсөвлөжээ
Орос улс В.Путин хэмээх удирдагчтай болсноосоо хойш дэлхийн улс төрийн болон спортын талбарт өмнөө хэнийг ч гишгүүлэхгүй байхаар шийдээ юу даа гэмээр дүр зураг сүүлийн үед анзаарагдах болов. Зургаахан сарын өмнө ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан өвлийн олимпийн наадмын зардал дэлхий нийтийг алмайруулж чадсан билээ. Тэгвэл саяхан ОХУ 2018 онд өөрийн улсад зохион байгуулагдах хөл бөмбөгийн ДАШТ-ий өртөг зардлыг ил цагаан зарлаж олон нийтийг гайхшралд орууллаа. Хэдхэн хоногийн өмнө Бразил улсад болж өнгөрсөн хөл бөмбөгийн ДАШТ нь өртөг зардлаасаа болж Бразилчуудын эсэргүүцэл бухимдал дунд явагдаж, арайхийн дуусаад байхад ОХУ дөрвөн жилийн дараа эх нутагтаа болох дараачийн ДАШТ-ий зардлыг олон нийтэд зарласан явдал нэг талаар “ Орос орныг сүйрүүлэх гэж байгаа юм биш биз дээ” гэсэн түгшүүр төрүүлж байгаа юм. Яагаад гээч.
Яагаад гэвэл Бразил улс энэ жилийн дэлхийн аврга шалгаруулах тэмцээнд 14 тэрбум ам.доллар зарцуулсанаас болж бөөн хэл ам, жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл өрнөсөн билээ. Тэгвэл хагас жил ч хүрэхгүй хугацааны өмнө Сочигийн өвлийн олимпийн наадмыг 50 тэрбум ам.доллараар зохион байгуулсан ОХУ дөрвөн жилийн дараа болох ДАШТ-нд 30 тэрбум евро буюу бараг 40 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдээд байна.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөл бөмбөгийн улаан фанат байсан бол ч яахав. Гэвч тэр хоккейг илүүд үздэг нэгэн юм.
Оросын зүгээс гаргасан мэдэгдэлд цочирдсон Цюрихийн их сургуулийн судлаачид аль ч цаг үеийн ханшаар тооцсон ОХУ-д 2018 онд болох хөл бөмбөгийн ДАШТ-ий зардал дээд амжилт тогтоох нь тодорхой гэж хүртэл мэдэгдээд байна. Тэд цэнгэлдэх хүрээлэнгийн нэг суудлыг хийхэд зарцуулах дундаж зардлыг гол болгож урьд өмнөх ДАШТ-ий үеэр улс гүрнүүдийн гаргасан зардлыг харьцуулж тооцоод ингэж үзсэн байв. Тодруулбал 2006 оны ДАШТ-д Герман улс цэнгэлдэхийн нэг суудлын зардалд дунджаар 3200 ам.доллар зарцуулж басан бол Өмнөд Африк 5000, Бразил 6500-г зарцуулсан юм байна.
Харин ОХУ 11500 ам.доллар зарцулахаар төлөвлөсөн нь шууд тодорой болжээ. Хамгийн өндөр өртөгөөр босох цэнгэлдэх хүрээлэн Санкт-Петербургт байрлах бөгөөд 70 мянган хүний суудлатай, суудал тус бүр нь дунджаар 16500 ам.долларын өртөгтэй байх бололтой. Тус цэнгэлдэхийг 2007 оноос эхлэн барьж, 2008 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч өдийг хүртэл сунжирч өлгийдөө өтөлнө гээч нь болж байсан бол хөл бөмбөгийн тэмцээний ачаар гэрлийн хурдаар босох нь тодорхой болсон аж. Тэгэхдээ Оросууд ганц ийм цэнгэлдэх хүрээлэн барихгүй өөр 12 цэнгэлдэх хүрээлэн шинээр барина гээд бодчих. Албан ёсны мэдээллээр хамгийн жижиг цэнгэлдэх хүрээлэн 42 мянган хүний сууудалтай байх ба Орос орны асар том амбиц, өндөр зардал, нөр их бүтээн байгуулалтын үр дүнд эдгээр цэнгэлдэх хүрээлэнгүүд юунд ч ашиглагдахгүй хоосорч үлдэх эрсдэл байгаа юм.
Хамгийн олон үзэгчийг цуглуулж чадах Оросын премьерлигийн тэмцээн л гэхэд дунджаар 12 мянган үзэгчтэй байдаг билээ. Гэхдээ уг тэмцээн нь ДАШТ шиг олон цэнгэлдэх хүрээлэн ашиглаж сэлгэн тоглохгүй нь ойлгомжтой. Тиймээс Цюрихийн их сургуулийн шинжээчид “Оросын эдийн засгийн хэтийн төлөв хар бараан боллоо. Ийм нөхцөлд 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ маш хүнд цохилт болно” гэж урьдчилан муу амлаж байгаа нь яах аргагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл ОХУ нэг тэмцээнд ийм их зардал гаргаж хийрхсэнийхээ балгаар 2004 онд Афин хотноо олимп зохион байгуулаад түүнээсээ болоод өнөөг хүртэл эргэж босохгүйгээр сүйрч дампуурсан Грекийн араас орох магадлал асар өндөр байна. Хэрвээ тэд Сочигийн олимп шиг хэл амгүй, гарз хохиролгүй зохион явуулж чадвал ч яахав. Яах аргагүй дэлхийн номер нэг гүрэн гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр яах билээ.