Эдийн засгийн хоригийн эсрэг ОХУ хариу арга хэмжээ авч эхлэв
АНУ болон барууны орнуудаас тавьсан эдийн засгийн хоригийн эсрэг ОХУ хариу арга хэмжээ авч эхэллээ. В.Путин ирэх нэг жилийн хугацаанд хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнс болон хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний импортод хориг тавихаар шийдсэн талаар Кремлиэс мэдээлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Эдийн засагт дарамт үзүүлэх улс төрийн арга байж болшгүй зүйл юм. Энэ нь хууль ёс, тогтсон хэм хэмжээг зөрчиж байна. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Засгийн газар зарим улсуудын тавьсан хориг гээч зүйлийн эсрэг авах хариу арга хэмжээг боловсруулаад байгаа. Одоогийн нөхцөл байдалд дотоодын бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудын ашиг сонирхлыг хамгаалахын тулд бид энэ талаар авч үзнэ. Мэдээж энэхүү арга хэмжээг маш нарийн тооцоотой хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж, хэрэглэгчдийг хохироохгүй” гэж мэдэгдсэн байна. АНУ ба түүний холбоотнууд “MH17” нислэгийн онгоцны сүйрэлд ОХУ-ыг буруутгаж тус улсын эсрэг эдийн засгийн хоригоо голлох салбарууд руу нь чиглүүлээд байгаа юм. Харин ОХУ-ын эрх ашгийн төлөө В.Путин хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавьсан гэж Кремль онцолж байна. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлөөс сэргийлж дотоодын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газартаа даалгажээ. Үүнд үндэсний үйлдвэрлэгчид болон жижиглэн худалдааны байгууллагуудаас туслалцаа авах чиглэлийг өгсөн байна. Харин үүний дараа АНУ-ын зүгээс ОХУ өөрийн эсрэг алхам хийлээ гэж мэдэгджээ. Энэхүү алхам нь "ОХУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, олон улсын тавцанд илүү ганцаардмал байдлыг бий болгоно" гэж Цагаан ордон онцолсон байна. ОХУ 2013 онд 43.1 тэрбум ам.долларын хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолсон талаар Холбооны Статистикийн алба мэдээлсэн байна. Эдгээрээс 36.9 тэрбумыг хуучны ЗХУ-ын гишүүн орнуудаас импортолжээ. ОХУ-ын хоригт багтсан Нидерланд, Герман болон Польш зэрэг улс нь ОХУ-ын топ 15 импортлогчдын нэгд тооцогддог бол АНУ өнгөрсөн онд 1.3 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн тус улсад нийлүүлсэн байна