Канадын хоёр иргэнийг улсын нууцыг хулгайлсан хэргээр баривчилжээ
Хятадад бизнес эрхэлдэг Канадын хоёр иргэнийг улсын нууцыг хулгайлсан хэргээр баривчилсан байна.
Эхнэр нөхөр хоёр болох Кевин Гаррат, Жулия Дон Гаррат нар 2008 оноос хойш Хятад, Хойд Солонгосын хилийн ойролцоо орших Даньдун хотод “Рeter s Сoffее Ноusе” нэртэй кафе ажиллуулж байгаа.
Тэд анх 1984 онд Хятадад англи хэлний багшаар очиж 2008 оноос бизнес эрхлэх болжээ. Тэдний цайны газар нь Хятад, Хойд Солонгосын хилийн зааг дээрх Ялу голын Найрамдал гүүрний хажууханд байрладаг аж.
Гүүрэн дээрээс Хойд Солонгосын хил орчмын нутаг ч сайн харагддаг бөгөөд Даньдун хотын иргэд кафег анддаггүй гэнэ. “Тhe Global and Моde" сонинд бичсэнээр Канадаас очсон гэр бүлийн хоёр Хойд Солонгос руу аялал зохион байгуулах бизнесийг давхар эрхэлдэг аж.
Энэ сарын дөрөвний өдөр Хятадын тал тэднийг тагнуул хийж, зэвсгийн технологи хулгайлсан хэргээр буруутгаж баривчилсан. Үүнээс долоо хоногийн өмнө Канадын эрх баригчид тус улсын Үндэсний судалгааны зөвлөлийн компьютерийн системд Хятадын хакерууд халдсан хэмээн буруутгасан юм.