ОХУ-д хүнд гэмт хэрэгтнүүдийг цэрэгт дайчлахыг албан ёсоор зөвшөөрөх талаар ярилцаж байна
Оросын эрх баригчид хоригдлуудад мөнгө амлаж, гэрээт цэргээр татах биш харин албан журмаар дайчлахаар шийдсэн бололтой.
Тодруулбал, хүнд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэлээ эдлэж дуусаагүй хүмүүсийг Украинтай хийж буй дайнд дайчлахыг Төрийн дум зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. Ингэснээр тэнсэн харгалзах ялтай хүмүүс ч цэрэгт дайчлагдах юм байна. ОХУ-ын "Дайчилгааны бэлтгэл болон дайчилгааны тухай" хуулийн дагуу хоригдлуудыг армид дайчлахыг хориглодог байсан ч бодит байдал дээр энэ хоригийг цэргийн комиссарын газрууд зөрчсөөр ирсэн бол Парламент нь хоригийг нэн даруй цуцлахаар зэхэж байгаа аж.
Ял шийтгэлтэй хүмүүсийг цэрэгт дайчлах хориглосон заалтыг хуулиас хасах саналыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн орлогч асан, одоо Төрийн думын батлан хамгаалахын хорооны дарга Андрей Картаполов болон түүний нэгдүгээр орлогч Андрей Красов нар гаргажээ.