В.ПУТИН: Манай газар нутагт террорист халдлага үйлдвэл хариуг нь ХАТУУХАН ӨГНӨ
Өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны өглөө Оросын зэвсэгт хүчин Украины хотуудад пуужингийн цохилт өгсний улмаас 14 хүн амиа алдаж, 97 хүн шархаджээ. Киев хотын төв болон иргэний байгууламжууд халдлагад өртөж, хүн ам суурьшсан газрууд цахилгаангүй болсон.
Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаанд үг хэлэхдээ "Манай газар нутагт хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, террорист халдлага үйлдвэл хариуг хатуухан өгч байх болно" гэв. Тэрээр Киев болон бусад хотуудад болсон пуужингийн цохилтууд нь Крымийн гүүрний дэлбэрэлтийн хариу байсан гэдгийг илэрхийлсэн байна. Түүнчлэн тэрээр Украин улс удаа дараа ОХУ-ын газар нутагт террорист ажиллагаа хийсэн хэмээж "ОХУ иргэний байгууламжууд руу цохилт өгөөгүй, харин эрчим хүчний дэд бүтэц, холбоо харилцааны төв болон цэргийн штабуудыг онилсон" гэж мэдэгджээ.









