Путин армийн хангамж хариуцсан генералаа ажлаас нь халж, “Мариуполийн яргачин“-г томилжээ
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украин дахь Оросын цэргийн ажиллагааны армийн хангамж хариуцсан генерал Дмитрий Булгаковыг "Украинд явуулж буй ОХУ-ын дайнд Дмитрий Булгаковын чадамжгүй байдал нь оросуудын давшилтын хурдыг сааруулж, цэргүүдийг зэвсгийн дутагдалд оруулсан" хэмээн буруутгаж ажлаас нь халжээ.
Улмаар ОХУ нь цөөн үлдсэн холбоотнуудын нэг болох Хойд Солонгос, Иран улсаас шинэ их буу, нисгэгчгүй онгоц авахаар хүсэлт тавихад хүргэсэн гэнэ.
Батлан хамгаалахын орлогч сайд, 67 настай Дмитрий Булгаковыг өөр албан тушаал руу шилжүүлж, оронд нь Украины Мариуполь хотын "хэрцгий" бүслэлтийг удирдсан хурандаа генерал Михаил Мизинцевийг томилсон байна.
Өдгөө 60 настай Михаил Мизинцевийг украинчууд "Мариуполийн яргачин" гэж нэрлэх болсон байна. Түүнчлэн тэрбээр Сири дэх ОХУ-ын цэргийн ажиллагааны үеэр Алеппо хотыг хайр найргүйгээр агаараас бөмбөгдсөн ажиллагааг удирдсан аж. Их Британи улс түүнийг өнгөрсөн гуравдугаар сард хар жагсаалтад оруулсан.