ФОТО: Дайчилгаатай холбоотой ОХУ-наас гарах хилийн боомт УРТ ДАРААЛАЛ үүсгэжээ
Есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Гүрж, Казахстан, Монгол, Финландтай хиллэдэг ОХУ-ын хилийн боомтуудад түгжрэл үүссэн тухай олон тооны бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Хэвлэл мэдээлэл, телеграм сувгууд үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины есдүгээр сарын 21-нд зарласан дайчилгаатай холбон тайлбарлажээ.
Казакстантай хиллэдэг Оренбург мужийн Маштаково шалган нэвтрүүлэх боомт дээр олон километрийн түгжрэл үүсжээ. Хил рүү олон хүмүүс таксигаар ирж, явган хил давж байгаа юм байна.
9-р сарын 21-ний орой Финляндтай хиллэх Ленинград мужийн хилийн боомтуудад дараалал үүсэж, шөнөдөө түгжрэл хэдэн километр үргэлжилсэн байна. Финландад очсон хүмүүсийн хэлснээр шөнө хил дээр дараалал үүсдэггүй байсан бол одоо 3-5 цагийн дотор хил давж байна гэжээ. Лхагва гарагт тус улсад 4,824 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь сүүлийн долоо хоногт өдөрт 3,000 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байснаар ихэссэн байна.
Оросоос гарч байгаа эрэгтэйчүүдээс цэргийн алба хаасан талаар асууж байна. Москвагийн нисэх онгоцны буудлуудад гарч байгаа иргэдээс дунджаар таваас арван минутын турш нэмэлт асуумж авч эхэлжээ. Эрчүүдээс аяллын зорилго, цэргийн алба, цэргийн мэргэжил, алба хаасан газар (эсвэл ямар шалтгаанаар алба хаагаагүй) талаар асууж цэргийн үнэмлэхтэй эсэх, мөн Орос руу буцах билеттэй эсэх асууж байгаа бөгөөд хэвийн хил нэвтэрч байна гэж мэдээлжээ.
Кремлээс хилийн боомтууд дээрх байдлын талаар тайлбар хийхдээ "хуурамч мэдээлэл" гэж зарлажээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Оросын хил дээр дараалал үүсэж, бусад улс руу нисэх онгоцны тасалбарын эрэлт хэрэгцээ их байгаа талаар асуултад хариулахдаа “Нисэх онгоцны буудал гэх мэт газруудтай холбоотой шуугиан дэгдээсэн мэдээллүүд маш хэтрүүлсэн мэдээлэл байна. Энэ сэдвээр маш олон хуурамч мэдээлэл гарч ирж байна. Тиймээс бид энэ асуулд худал мэдээллийн хохирогч болохгүйн тулд маш болгоомжтой байх хэрэгтэй "гэж Песков сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.