БНАСАУ ОХУ-д зэвсэг нийлүүлээгүй, нийлүүлэх төлөвлөгөөгүй гэдгээ МЭДЭГДЭЖЭЭ
Умард Солонгосын дэглэмээс ОХУ-ын эрх баригчид их бууны сум, пуужин авахаар хэлэлцэж буй тухай тагнуулын мэдээлэл авснаа Цагаан ордны албаны эх сурвалж энэ сарын эхээр мэдэгдэж байв.
Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт Умард Солонгосын төв хэвлэлд тус улсын батлан хамгаалах яамны албаны хүн өгсөн тодруулгадаа үүнийг эрс үгүйсгэжээ. Украины дайны туршид БНАСАУ ямар ч зэвсэг ОХУ-д экспортлоогүй бөгөөд цаашдаа ч ингэх төлөвлөгөө байхгүйг эх сурвалж баталсан байна.
Бас АНУ-ын засаг захиргаанд “худал цуурахаа зогсоох”, “амаа хамхих”-ыг сануулжээ. Хэрвээ Умард Солонгосын тал ОХУ-д зэвсэг экспортолбол НҮБ-ын тогтоолыг зөрчсөн хэрэг болох юм.
Пёньяны дэглэм нь Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийллийг зөвтгөсөн дэлхийн цөөхөн улсуудын нэг. Тус улс Украинаас салан тусгаарласан Донбассын бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоогоод байгаа. Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг тус улсаас гадна зөвхөн ОХУ, Сири хоёр хүлээн зөвшөөрсөн юм.
Бас дайны дараах сэргээн босголтод оролцож, ажиллах хүч илгээх сонирхлоо илэрхийлж байв.
ОХУ-ын эрх баригчид Украины дайнд ашиглах зорилгоор Иран улсаас нисгэгчгүй байлдааны онгоц буюу дрон худалдаж авсан нь саяхан тодорхой болсон юм. Энэ бүхнийг Өрнөдийн эдийн засгийн хориг Оросын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд нөлөөлж эхэлсний шинж гэж ажиглагчид дүгнэж байна.