Хятадын 30 бүс нутгийн хэдэн арван сая хүн хүнсний ХОМСДОЛД ОРООД байна
Ирэх 10 дугаар сард болох Хятадын коммунист намын их хурлаас өмнө ковидын дотоод дахь тархалтаа зогсоох зорилгоор Хятадын олон хэсэгт хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Хятадын 30 бүс нутгийн хэдэн арван сая хүн гэрээсээ гарч болохгүй хөл хорионд байгаагийн улмаас хүнс болон нэн шаардлагатай зүйлсийн хомдолд орж бухимдацгааж байна.
Ковидыг тэглэх бодлогын хүрээнд халдварын зөвхөн нэг тохиолдол бүртгэгдсэн даруйд тухайн хэсэгт шууд нийтийг хамарсан хатуу хөл хориог тогтоож байгаа юм.
Даваа гарагт Хятадад халдварын 949 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Шинжаан дахь Казахстаны хилийн ойролцоох Или Казакийн автономит хэсэгт хэдэн долоо хоногийн турш цоожлогдон цөхрөнгөө барсан зарим иргэд нийгмийн сүлжээгээр тусламж хүсчээ.
Нэгэн Уйгур эр хүүхдүүд нь гурван хоног идэх хоолгүй байгааг бухимдан хэлсэн бол өөр нэг эр жирэмсэн эхнэр нь эмнэлгийн тусламж авч чадахгүй байгааг нийгмийн сүлжээгээр илчиллээ.
Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйжоу мужийн Гуйянг хотод эрх баригчид нь урьдчилан анхааруулалгүйгээр 500 мянган оршин суугчаа хатуу хөл хорионд оруулжээ. Эрх баригчид биднийг амьтан шиг үзэж, зүгээр л үхүүлэхийг хүсэж байна хэмээн нэгэн оршин суугч бухимдан хэлсэн байна.
Сычуан мужийн Чэнду хотод 21 сая орчим хүн хөл хорионд байгаа бөгөөд энэ сарын эхээр болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр хүртэл барилгаас гадагш гарахыг нь хориглож байсан нь олны зүгээс шүүмжлэлтэй тулгарсан. Дэлхийд хүн амаараа тэргүүлэгч Хятад улсад цар тахал анх дэгдсэнээс хойш 15000 орчим хүн халдвараар амиа алдсан нь бусад орнуудтай харьцуулахад бага хохиролд тооцогдож байгаа юм.