Казахстанд COVID-19 халдварын 32 тохиолдол бүртгэгдэж, Нур-Султан, Алматы хотод ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ тогтоолоо
2020 оны 3 сарын 18
БНКазУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Онцгой байдлын комиссын хуралдаанаас БНКазУ-ын нийслэл Нур-Султан болон Алматы хотноо 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дараах хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргав.
- Дээрх хотуудад хорио цээрийн дэглэм тогтоож, ариун цэвэр, халдваржуулалтын эсрэг арга хэмжээ авах,
- Хорио цээрийн бүс тогтоох, түүний орох, гарах гарцыг тодорхойлох,
- Хүн амын болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах,
- Эрүүл мэндийн тусгай байгууллагуудын үйл ажиллагааны тасралтгүй үйл ажиллагааг халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй, хорионд орсон гэсэн 3 чиглэлээр хангах,
- Хүн амын хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс хотыг газар нутгийг бүсүүдэд хуваах. Чингэхдээ хүн амын амьдрах нөхцөл, хүнсний хангамжийг зохион байгуулахад хамгийн тохиромжтой байдлаар хийх,
- Нийтийн тээврийн хөдөлгөөнийг өдрийн цагаар зогсоох буюу хязгаарлах, шөнийн цагаар бүрэн зогсоох,
- Хүнсний болон эмийн худалдааны бусад бараа материалын зах, худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох,
- Нийтийн хоолны газруудын ажлын цагийг хязгаарлах,
- “Нэг цонхны үйлчилгээний” цэгүүдийн ажлын цагийг хязгаарлах,
- Хорио цээрийн бүсийн хүн амын 1 хоногийн хүнсний, эмийн болон бусад нэн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний хэрэгцээний хэмжээг тогтоох,
- Хорио цээрийн бүсийн төвд хүнсний, эмийн болон бусад нэн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний цэгүүдийг тогтоох, чингэхдээ нийтийн тээврийн хөдөлгөөнийг аль болох хязгаарласан байхыг анхаарах.
Мөн БНКазУ-ын Эрүүл мэндийн сайд Е.Биртановын мэдэгдсэнээр өнөөдрөөс эхлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, өндөр настны болон бусад асрамжийн газарт хорио цээрийн дэглэм тогтоож, эмнэлгийн ажилтнаас бусад хүнийг тус байгууллагад нэвтрэхийг хориглосон байна.
Өнөөдрийн байдлаар Казахстанд шинэ коронавирусын халдвар авсан 32 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Алматы хотноо 15, Нур-Султанд 17 хүн илэрсэн байна.
Эх сурвалж: ГХЯ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614984
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс