Оросын нэгэн тосгоны захад 50 гаруй цагаан баавгай цугларчээ

2019 оны 12 сарын 07

Оросын умард туйлын алслагдсан тосгоны орчим 50 гаруй цагаан баавгай цуглараад байгааг байгаль хамгаалагчид мэдээлжээ.

Умард туйлын мөс эрчимтэй хайлж, цагаан баавгайнууд идэш тэжээлээ хайхад хүндрэлтэй болсноос ингэж олноороо суурин газрын ойролцоо цугларсан гэж WorldWide Fund (WWF) байгууллагын Орос дахь салбараас дүгнэсэн байна.

Оросын зүүн хойд Чукотка мужийн Рыркайпий тосгоны ойролцоо 1 км.кв талбайтай газарт нийтдээ 56 цагаан баавгай бөөгнөрөөд байгаа гэнэ.

Нэг мянга хүрэхгүй оршин суугчтай Рыркайпий тосгон руу баавгайнууд халдахаас болгоомжилж, харуул гаргасан байна. “Умард туйлын нутагт хүн ба араатны тулгаралт улам бүр нэмэгдэж байна. Үүний гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран далайн мөс хайлж байгаа явдал юм. Мөсөн хучлагагүй болсноор амьтад эрэгт гарч, хоол тэжээл хайх болсон” гэж WWF байгууллага мэдэгджээ.

Одоо иргэд баавгайнуудыг тосгондоо ирүүлэхгүйн тулд байгаа газарт нь далайн хавны сэг зэм хаяж өгөх зэрэг арга хэмжээ авч байгаа гэнэ.

Удахгүй далай мөстөж эхэлбэл баавгайнуудыг явна гэж найдаж байна. Оросын цаг уурын албаны мэдээлснээр Бямба гарагаас эхлэн энэ бүс нутагт хүйтний эрч чангарч, арванхоёрдугаар сарын 11 гэхэд далайн эрэг хавийн ус мөстөх гэнэ.

Цагаан баавгайнууд хоол хүнс хайж суурин газруудад ганц нэгээрээ ирэх явдал түгээмэл байдаг. Гэхдээ сүүлийн үед тэдний зочлох давтамж ойртож, тоо нь нэмэгдэх болжээ.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
6
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
3
angry an post
1
611342
17 эможи

keyboard_arrow_up