Сүмо бөхийн холбооноос Намрын тойргийн барилдааныг цуцалснаа зарлалаа
Японд хүчтэй хар салхи болсны улмаас 12 хүн амь насаа алдаад байна. Сүмо бөхийн холбооноос өнөөдөр /2019.10.13/ Изү хотод болох байсан Намрын тойргийн барилдааныг цуцалснаа зарлалаа
Холбооны тойргийн барилдаан хариуцсан ояката Ирүмагава “Изү хотын захиргаанаас онц байдал зарлан, ард иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа тул барилдаан болохгүй. Үзэгчдэд тасалбарын мөнгийг буцаан олгох болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Тойргийн барилдааныг спортын ордонд хийдэг болсон 1995 оноос хойш анх удаа байгалийн гамшгийн улмаас барилдаан цуцлагдаж байгаа юм. Бөхчүүдийг гадуур гарах, дэлгүүр, хоолны газар орохыг ч хоригложээ.
Харин 14-нд Шизүока мужийн Яйзү хотод явагдах барилдаан цуцлагдаагүй байна. Бөхчүүд өнөөдөр орой автобусаар Яйзү явах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.