Монгол Улс Орос, Хятадтай хэт ойртохоос сэргийлж АНУ-тай идэвхтэй ажиллаж байна гэжээ
Японы Yomuri Shinbun сонинд Монгол Улсын гадаад харилцаанд гарч буй өөрчлөлтийн талаар нэгэн нийтлэл гарсан нь олон хүний анхаарлыг татаад буй.
Тэгвэл тус сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.
- Ерөнхийлөгч В.Путин 5 жилийн дараа Монгол Улсад айлчлав
- Хятад, ОХУ болон Япон, АНУ-ын сөргөлдөөн
Төвийг сахисан уламжлалт гадаад бодлого хэрэгжүүлдэг Монгол Улсыг “өөртөө татах” чиглэлээр Хятад, ОХУ болон Япон, АНУ-ын үйл ажиллагаа эрчимжиж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 3-ны өдөр Монгол Улсад 5 жилийн дараа айлчилж, хоёр улсын түүхэн уламжлалт харилцааны ач холбогдлыг онцлов.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Номонханы тулалдаан /Халхын голын тулалдааныг Японд Номонханы тулалдаан гэж нэрлэдэг/-ы 80 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлж буйгаар хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Путин ЗХУ-ын үеэс уламжлалтай хоёр улсын найрсаг харилцааны талаар дурдаж, “Урт удаан хугацааны туршид цогцлоон бүтээж ирсэн найрамдал нөхөрлөл, харилцаа холбооны суурь нь хувиршгүй юм” гэж хоёр улсын бат бэх харилцааг онцлов. Төрийн тэргүүн нар мөн хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын харилцааг “шинэ түвшинд гарсан” хэмээн үнэлэв.
ОХУ-ын тухайд Монгол Улсыг ОХУ, БНХАУ-ын тэргүүлж буй ШХАБ-д гишүүнээр элсүүлэхээр идэвхтэй ажиллаж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2017 онд сонгогдсон Х.Баттулгын хувьд дээрх байгууллагад албан ёсны гишүүнээр элсэхэд нааштай ханддаг. Уг байгууллагад гишүүнээр элсвэл Гадаад бодлого хумигдана хэмээн болгоомжтой хандсан дуу хоолой Монголын дотоодод хүчтэй байгаа хэдий ч Хятад, Оростой харилцаагаа бэхжүүлэх аваас Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн найдлага байгаа юм.
Монгол Улс 1990-ээд оны ардчиллын дараа хоёр хөрш гүрнүүд болох БНХАУ, ОХУ-тай “зайгаа барингаа” АНУ, Япон Улс зэрэг гуравдагч хөрш орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд ач холбогдол өгч хүчний харьцааг “тэнцвэржүүлэх” гадаад бодлогыг чухалчилж ирсэн.
МОНГОЛ УЛС ОРОС, ХЯТАДТАЙ ХЭТ ОЙРТОХООС СЭРГИЙЛЖ АНУ-ТАЙ ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА
АНУ-ын Батлан хамгаалах сайд Эспер наймдугаар сарын эхээр Монголд айлчилсан. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны долоодугаар сард АНУ-д айлчлах үеэр талууд Монголтой эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн баримт бичиг байгуулаад байгаа юм. Түүнчлэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Гадаад хэргийн сайдын хувиар 9 жилийн дараа Монголд айлчилж, Япон Улсын зүгээс чухалчлан урагшлуулж буй “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаанд монголын талаас дэмжлэг авч чадсан.
Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол дахь Японы дипломат эх сурвалж “Монгол Улс нь Хятад, Орос төдийгүй АНУ, Япон Улстай ч дээд, өндөр түвшинд айлчлал эрчимтэй хэрэгжүүлж буй. Тэд өөрийн улсаа хөгжүүлэхдээ Хятад, Орос гэсэн хөрш улс орнуудаар удирдуулж, нөлөөлөлд нь хялбар автахгүй” хэмээн мэдээлэв.
Эх сурвалж: ikon.mn
|