СОНГУУЛЬ: 9 хүн Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөнө
Зургаадугаар сарын 9-нд Казахстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдана. Сонгуульд нэр дэвшүүлэх ажил энэ сарын 10-28-нд болж, нийт 9 хүн нэрээ дэвшүүллээ.
Казахстаны Сонгуулийн ерөнхий хорооны дэд захирал Константин Петровын мэдэгдсэнээр улстөрийн 4 нам, 5 олон нийтийн байгууллагаас нийт 9 нэр дэвшигч бүртгүүлжээ. Одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эрх баригч "Нур Отан" намаас нэр дэвшсэн бол парламентын доод танхимын депутат Дания Еспаева "Ак жол" нам Жамбыл Ахметбеков Казахстаны ардын коммунист нам, “Үндэсний хөдөө аж ахуйн шинжлэх ухааны төв”-ийн удирдлагын зөвлөлийн тэргүүн Толеутай Рахимбеков "Ауыл" намаас нэр дэвшжээ. Мөн сэтгүүлч Амиржан Косанов, зохиолч Садыбек Тугел, Баруун Казахстаны ҮЭ-ийн дарга Амангельды Таспихов, Казахстаны барилгачдын холбооны тэргүүн Талгат Ергалиев, нийгмийн зүтгэлтэн Жуматай Алиев нар олон нийтийн байгууллагаас нэр дэвшсэн байна.