Н.Назарбаевын том охин Сенатын танхимын дарга болов
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын том охин Дарига Назарбаева тус улсын Сенатын танхимын дарга болжээ. “Назарбаевын охин Бүгд найрамдах Казахстан улсын төрийн хоёр дахь том хүн боллоо” гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Казахстаны улс төрийн тогтолцооны хоёр дахь том албан тушаалд түүний нэрийг шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэвшүүлжээ. Казахстаны Сенатын танхимын гишүүд 55 настай Дарига Назарбаеваг даргын албан тушаалд томилохыг санал нэгтэйгээр дэмжсэн байна.
Дарига Назарбаева 2016 онд Сенатын дээд танхимын гишүүнээр сонгогдож байжээ. Тэрбээр Казахстаны хоёр дахь Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бүх мэдлэг чадвараа ашиглан ажиллах болно гэдгээ амалсан байна.
Назарбаевын том охин 2003 онд улс төрийн нам байгуулж, орлогч даргаар нь томилогдож байв. Харин 2006 онд намаа эцгийнхээ Нур Отан намтай нэгтгэжээ. Дарига Назарбаева мөн Казах, ОХУ-д мэдээгээ цацдаг “Хабар” агентлагийг хариуцан ажиллаж байжээ.