ДОНАЛЬД ТРАМП: БНХАУ-тай маш үр дүнтэй хэлэлцээ хийсэн

2019 оны 2 сарын 18

Өнгөрсөн 7 хоногт БНХАУ-тай хийсэн хэлэлцээ "Маш үр дүнтэй" болсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналтьд Трамп мэдэгдлээ. Үүний өмнө Бээжинд хоёр өдөр ажилласан төлөөлөгчид БНХАУ-тай хийсэн уулзалтынхаа талаар мэдээлэл өгчээ. Талууд энэ 7 хоногт үргэлжлэх хэлэлцээндээ бэлтгэж олон уулзалтууд төлөвлөсөн байна. Дональд Трамп мөн өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ "Хэрэв БНХАУ-тай хэлэлцээрт хүрвэл, тарифаа цуцлахад бэлэн" гэдгээ онцолсон юм.

Мөн тэрээр “БНХАУ-тай хоёр өдөр хэлэлцээ хийлээ. Маш их ахиц гарч байгаа. БНХАУ-тай, миний ихээр хүндэлдэг Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй бид ойр харилцаатай байгаа.БНХАУ-тай ашигтай хэлэлцээрт хүрэхэд дөхөм болсон. Бид хулгай, шударга бус харилцаа гээд бүх чиглэлд хэлэлцэж байгаа. Бид БНХАУ-тай хийж буй худалдаанаас жилийн 375 тэрбум ам.долларын алдагдал хүлээж ирсэн. Үүнийг бууруулах болно. Тарифын арга хэмжээ БНХАУ-д маш муугаар нөлөөлж байгаа. Тэд тариф хүсэхгүй байгаа. Хэрэв бид хэлэлцээрт хүрвэл, миний бие тарифын арга хэмжээгээ цуцлахдаа таатай байх болно. Гэхдээ нөгөө талаас тарифын хүрээнд төсвийн орлого олон тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Өмнө нь ийм байгаагүй. Нэг чиглэлийн урсгал шиг л байсан” хэмээжээ.

Энэ сарын 14, 15-нд Бээжинд болсон хэлэлцээний дүнд хоёр улс урьдчилсан байдлаар хэлэлцээрт хүрэхээр зорьж байгаагаа мэдэгдсэн. Хоёр өдрийн уулзалтын дараа БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-ын Худалдааны төлөөлөгч, Сангийн сайд нарыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр хэлэлцээнд чухал ахиц дэвшлүүд гарч, шинэ шатанд шилжсэн гэж цохон тэмдэглэжээ.

Хэрэв түр зөвшилцлийн хугацаа болох III сарын нэгэн гэхэд хэлэлцээрт хүрэхгүй бол АНУ БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүний тарифыг нэмэгдүүлэх юм. 2 тал ийнхүү худалдааны маргаанаа эцэслэх зорилгоор хэлэлцээгээ үргэлжлүүлэх, цаашлаад хэлэлцээрт хүрэх дохиог зах зээлд өгснөөр АНУ тарифын арга хэмжээгээ чангатгана гэсэн болгоомжлолыг бууруулж байна. Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай 2 улсын худалдааны маргаан даамжраагүй үр дүнг хөрөнгө оруулагчид таатай хүлээн авснаар АНУ-ын хөрөнгийн зах зээлд хувьцаанууд өсжээ. Хэлэлцээрт хүрэх тун дөхсөн тохиолдолд Дональд Трамп түр зөвшилцлийн хугацааг 60 хоногоор сунгаж магадгүй гэж эх сурвалж мэдээлээд байгаа. 2 талын хэлэлцэж буй гол асуудлуудад технологийн хулгай, оюуны өмч хамгаалах асуудал, хаа, үйлчилгээний салбарын хүртээмж, валютын зах зээл зэрэг БНХАУ-ын эдийн засгийн бүтэцтэй холбогдсон асуудлууд байна.

Эх сурвалж: Bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600324
0 эможи

keyboard_arrow_up