Ким Жон Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй 2019 онд олон дахин уулзах хүсэлтэйгээ илэрхийлжээ
Умард Солонгосын удирдагч Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа 2019 онд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар олон дахин уулзах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Ким Жон Унаас ирүүлсэн захидлын агуулгыг Ням гарагт Хөх Ордны төлөөлөгч хэвлэлийнхэнд танилцуулсан байна.
2018 онд хоёр Солонгосын удирдагчид нийт гурван удаа уулзсаны хоёрыг нь хилийн Панмунжом тосгонд, нэгийг нь Пёньянд хийсэн юм.
Есдүгээр сард Пёньянд уулзахдаа Ким Жон Ун хариу болгож Сөүл хотод айлчлахаа амлаж байв. Тэр захидалдаа 2018 онд багтаж Сөүлд айлчлаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлээд Өмнөдийн нийслэлд айлчлах хүсэл нь хүчтэй хэвээр байгааг мэдэгдсэн байна.
Ким Жон Ун бас 2018 онд АНУ, Өмнөд Солонгосын талтай хийсэн гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа амлажээ.
1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайнаас хойш сөргөлдөөн намжилгүй олон жил болсны эцэст 2018 онд талуудын харилцаанд эргэлт гарсан юм. Дайны дараа талууд энхийн гэрээ байгуулаагүй, зөвхөн гал зогсоох хэлэлцээр байгуулсан тул өнөөдрийг хүртэл Солонгосын хойг дайны байдалтай байна. Зургаадугаар сард Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Сингапурт уулзахдаа цөмийн зэвсгээсээ салах амлалт өгсөн юм.
Гэвч Умард Солонгосыг цөмийн зэвсгээс салгах үйл явц талуудын хооронд харилцан итгэлцэл бий болохгүй байгаагийн улмаас удаашраад байна.
Эх сурвалж: ikon.mn
|