Төвдийг Америкчуудад нээхгүй бол Хятадын албаныхан АНУ-д нэвтрэх хориотой боллоо
Өчигдөр АНУ-ын конгресс Төвдөд өөрийнх нь дипломатчид, сэтгүүлчид, жуулчдыг нэвтрүүлэхгүй бол уг асуудлыг хариуцсан Хятадын албан хаагчдыг Нэгдсэн Улсад нэвтрүүлэхгүй байх хуулийг дэмжжээ.
Төвдийн автономит бүсэд гадаадын иргэд, тэр тусмаа АНУ-ын иргэд нэвтрэхдээ тусгай зөвшөөрөл авдаг. Тэгвэл энэ байдлыг халах зорилготой хуулийг АНУ-ын хоёр намын төлөөлөл адилхан дэмжсэн байна.
Ингэснээр жил бүр АНУ-ын төрийн департмент Төвд болон төвд үндэстнүүд амьдардаг Хятадын бүс нутгуудад өөрийнх нь иргэд нэвтрэхдээ бусад улсын иргэдтэй ижил тэгш эрх эдэлж байгаа эсэхийг шалгадаг болно.
Хэрвээ Америкчуудыг ялгаварлаж байвал уг бодлогыг хариуцаж байгаа Хятадын төрийн албан хаагчид АНУ-д нэвтрэх эрхгүй болох юм.
Сенатын гадаад бодлогын хорооны гишүүн, Ардчилсан Намын сенатор Роберт Менендез “Хятадын иргэд АНУ-д чөлөөтэй нэвтрэх эрхтэй байдаг. Гэтэл манай оюутнууд, сэтгүүлчид, дипломатчид, үүн дотроо төвд гаралтай Америкийн иргэд Төвдөд чөлөөтэй очиж чаддаггүй нь шударга бус явдал” гэж тайлбарлажээ.
Конгрессын хоёр танхимаар дэмжигдсэн хуулийг одоо ерөнхийлөгч Дональд Трамп батлах үлдэж байна. Бүгд Найрамдахчууд төслийг дэмжиж байгаа тул ерөнхийлөгч батлах нь тодорхой.
Уг хууль АНУ-Хятадын хооронд худалдааны дайн өрнөж, Канадад Хятадын бизнесмэн баривчлагдсан цаг үед батлагдаж байгаа нь хоёр орны харилцаанд бас нэг шинэ асуудал бий болгож байгаа юм.
Төвдийн автономит бүс нутагт хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг Вашингтон Бээжинд байнга анхааруулсаар ирсэн. Гэвч Бээжингийн эрх баригчид АНУ-ыг хүний эрхийн асуудлаар хоёр нүүр гаргасан бодлоготой гэж хариу шүүмжилдэг.
Тухайлбал Израйлийн асуудлаас болоод Вашингтон саяхан НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс АНУ-ыг гаргасан нь ингэх нэг шалтаг болж байгаа.
Эх сурвалж: AFP