БНХАУ-д “iPhone“-ийн зарим загварыг борлуулахыг хориглолоо
БНХАУ-ын Анхан шатны шүүх “Apple”-ийн “iPhone” гар утасны зарим загварыг БНХАУ-д борлуулахыг хориглолоо. Энэ нь хоёр жилийн турш үргэлжилсэн “Qualcomm” болон “Apple”-ийн хоорондын Оюуны өмчийн маргаантай холбоотой ажээ.
“Qualcomm” энэхүү маргааныг шийдвэрлүүлэхээр БНХАУ, ХБНГУ болон АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм. “Qualcomm-ийн патентыг ашигласныхаа төлөө “Apple” компани нийт долоон тэрбум ам.долларын роялти төлөх шаардлагатай" гэж “Qualcomm” компани мэдэгдээд байна. Үүний хариуд “Apple” компани “Qualcomm”-ийг "Монополын эсрэг хууль зөрчиж, олон патент нэг дор эзэмшсэн" хэмээн буруутгажээ. Мөн "iPhone-ийн борлуулалтад хориг тавьсан нь “Qualcomm”-ийн арга мухардсан үйлдэл. “iPhone” гар утаснууд БНХАУ-д зарагдсан хэвээр байгаа" хэмээн “Apple” компанийн холбогдох албаныхан мэдэгдсэн байна.
“Apple” компани өнгөрсөн санхүүгийн жилд нийт 265.6 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаас 20 хувийг нь буюу 51.9 тэрбум ам.долларыг БНХАУ-ын зах зээлээс олжээ.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|