Монгол туургатнууд Москвад наадав

2014 оны 7 сарын 18

Үндсэний их баяр наадмыг тохиолдуулан Москва дахь Монгол Улсын ЭСЯ-наас тус хотод оршин суудаг буриад, халимаг, тува, монголчуудын нутгийн зөвлөлтэй анх удаа хамтран 7 дугаар сарын 12-ны өдөр “Тал нутгийн эртний уламжлал, хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн дээжис” нэртэй “Угсаатан, соёлын бэсрэг наадам”-ыг Монгол Улсын ЭСЯ-ны төв байранд зохион байгуулав.

Арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нээж эхлүүлсэн бөгөөд наадамд ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын гишүүд, ГХЯ-ны ажилтнууд болон буриад, халимаг, тувагийн төлөөлөгчид оролцов.

Хүн төрөлхтөний биет бус соёлын өв болох наадам, уртын дуу, хөөмий, үндэсний бөх, монгол гэрээ монгол туургатнуудын төлөөлөгчдөд сурталчлав. “Угсаатан, соёлын бэсрэг наадам”-д буриадын хоёр, халимагийн гурав, монголын 7 бөх нийтдээ 12 бөх зодоглосноос сумын заан С.Пүрэв-Очир түрүүлж, аймгийн начин П.Ганзориг үзүүрлэв.

Мөн Монголоос уригдан ирсэн “Улаанбаатар” чуулгын уртын дуучин О.Анхчимэг, морин хуурч, хөөмийч И.Тэрбиш нар ая дуугаа өргөв. Буриадын дуучин Чингиз Аюшеев, Елена Аюшеева, Дашдондок Надцалов, Халимагийн Соёлын яамны сайд асан, хөгжмийн зохиолч Аркадии Манжиев нар нутгийнхаа дууг дуулж, халимагийн бүжигчид ардын бүжгээ бүжиглэж наадамчин олноо баясгав.

ОХУ-ын Байт сурын харвааны дасгалжуулагч, спортын мастер Баяр Гынинов буриадын “Сур харбаан”-ны үзүүлэх сургууль хийсэн нь олны таашаалд нийцэв.

Наадмын эхэнд зочиддоо монгол цагаан идээ, айраг сөгнөж, монгол цайгаа чанаж, монгол үндэсний хоол хуушуур, хорхог хийж дайлав.

Тувагийн нутгийн зөвлөл дарга, 88 настай Ондор Чимэддорж гуай сургаалтай сайхан үг хэлж хөөмийдөж, туваа дуу дуулж наадамчин олноо хөгжөөв.

Наадмын төгсгөлд ЭСЯ-ны ажилтнууд болон уригдан ирсэн монголчууд таван ханатай монгол гэрээ барьж үзүүлсэн нь монгол туургатнуудын сонирхлыг ихээр татсан юм. ЭСЯ-ны зүгээс энэ гэрийг халимагийн нутгийн зөвлөлд бэлэглэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5974
0 эможи
keyboard_arrow_up