Бидний 12 байр ухарсан үзүүлэлтээр Хятад 30 байр урагшлав

2018 оны 11 сарын 05

Бизнес эрхлэхэд таатай нөхцөлөөрөө манай урд хөрш ганцхан жилийн дотор 30 байраар урагшилж шилдэг 10-т багтсан болохыг Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь 2019” тайланд дурджээ. Тус улс гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тэр дундаа цахилгаан эрчим хүчээр хангах үзүүлэлтээр ийнхүү огцом дэвшил гаргасан байна.

Arslan.mn

Тодруулбал, эрчим хүч түгээх сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд холболтыг үнэгүй хийх зэрэг арга хэмжээ авсны үр дүнд тайланд хамрагдсан Бээжин, Шанхай хотод цахилгаан эрчим хүчээр хангах шалгуураар ахиц гаргажээ. Мөн хэрэглэгчдэд зориулан гар утасны шинэ программыг нэвтрүүлсэн тул цахилгаан эрчим хүчээр хангагдахад 143 хоног хүлээх шаардлагатай байсныг 34 хоног болгон бууруулжээ.

Түүнчлэн бизнесийн үйл ажиллагааны татварыг цуцлан, тайланг нэгтгэн ирүүлэх, тэмдэгтийн хураамжийг нэгтгэн төлөх боломжийг олгож, эрх бүхий байгууллагуудын хүнд суртал, үйлчилгээний хугацааг багасгасны үр дүнд татварын систем нь илүү хялбар болжээ. Мөн хил дамнасан худалдаа эрхлэх, хөрөнгөө бүртгүүлэх зэрэг хөнгөвчилсөн шинэчлэлийг хийж чадсан учраас ийнхүү огцом урагшилж, топ 10-т орж ирлээ. Эхний гурван байрыг хоёр дахь жилдээ эзэлж чадсан Шинэ Зеланд, Сингапур, Дани улс, жагсаалтыг тэргүүлж буй АНУ, Их Британи, БНСУ гэсэн 10 оронд ч ийм жишиг байна. Дэлхий нийтээр хувийн хэвшлийг дэмжих, хүнд сурталтай тэмцэхэд амжилт гаргасан жил байсныг Дэлхийн банк онцоллоо.

Тэгвэл манай улсад юу болж байна вэ. Гарааны бизнес эрхлэгчдийн хамгийн их горьдлого тавьдаг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн асуудалтай үйл ажиллагаа олон нийтэд ил болж шуугиан дэгдээгээд байна. Бизнес эрхлэгчид өнгөрсөн долоо хоногт багагүй бухимдалтай байлаа. Түүнийгээ ч илэрхийлэв. Дэлхийн банкны дээрх судалгаагаар манай улс өмнөх жилийнхээ үзүүлэлтээс 12 байраар ухарсан тааруухан дүн авсан.

Ганцхан жилийн дотор байраа 30-аар ахиулсан Хятадын авч хэрэгжүүлсэн чиглэлүүдэд манай улс бүдэрсэн байх юм. Тухайлбал, бизнес эрхлэгчийг эрчим хүчинд холбогдох, хил дамнасан худалдаа буюу экспорт, импортын үйл ажиллагаан дээр муу оноо авчээ. Ганцхан жилийн өмнө БНХАУ бизнес эрхлэхэд таатай орны жагсаалтаар манай улсын хойно байсан. Харин тэд бидний хийж чадахгүй байгааг дор нь сайжруулчхаад урд гараад “давхичихлаа”.  Давхихдаа бүр дэлхийг манлайлж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596884
0 эможи

keyboard_arrow_up