“Восток-2018“ цэргийн сургуулилалт өндөрлөлөө
ОХУ-ын зүүн хязгаарт явагдсан цэргийн "Восток-2018" сургуулилалтад оролцогчид өөрсдийн анги, нэгтгэлүүд рүү буцлаа хэмээн Батлан хамгаалах яам нь мэдээллээ.
“Восток-2018” сургуулилалт есдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын Номхон далайн эрэг хавийн Цугол хээрийн полигонд явагдав. Энэ сургуулилалт цар хүрээний хувьд сүүлийн 37 жил болоогүй том хэмжээнийх байв.
Нийтдээ 300 мянган цэргийн алба хаагч, 10 мянга орчим цэргийн техник, үүнд, хуягт машиг, нислэг тэрэг, онгоц, нисгэгчгүй онгоц оролцсон байна. Сургуулилалтын нэг үе шатанд БНХАУ болон Монголын цэргийн бие бүрэлдэхүүн хамтран оролцжээ.
Холын зайд цэргийн бие бүрэлдэхүүнийг шилжүүлэн байрлуулах үед цэргийн удирдлагын бэлтгэл байдлыг шалгасны зэрэгцээ хуурай замын болон усан замын цэргийн бие бүрэлдэхүүний хамтын ажиллагааг шалгасан байна. Мөн цэргийн байдлын үеийн командлагч нар болон штабын бэлэн байдлыг шалгажээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ийм өргөн хэмжээний цэргийн сургуулилалтыг таван жил тутам зохион байгуулна хэмээн энэ үеэр мэдэгдлээ. Түүний хэлснээр батлан хамгаалах үндэсний хөтөлбөр 10 жилээр хэрэгждэг ч цэргийн сургуулилалтыг ойр ойрхон зохион байгуулах ёстой гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ