АНУ БНХАУ худалдааны асуудлаар шинэ яриа хэлэлцээ эхлүүллээ
АНУ-ын Худалдааны сайд Уилбир Росс БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр Бээжин хотноо БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний Эдийн засгийн ахлах зөвлөх Лью Хитэй уулзаж, худалдааны асуудлаар шинэ яриа хэлэлцээ эхлүүлээд байна.
БНХАУ-ын талаас өнгөрсөн сард Вашингтонд болсон уулзалтаар АНУ-аас импортлох хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхээ амласан юм. Харин АНУ-ын Засгийн газар БНХАУ-ыг хоёр талын худалдаанаас олох ашгаа бууруулах шахалт үзүүлж байна.
Хоёр улсын худалдаанаас хүлээх АНУ-ын алдагдал өнгөрсөн онд 375.2 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшиндээ хүрч өсжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "БНХАУ-аас импортлох 150 тэрбум ам.долларын импортын бараа, бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж магадгүй" гэдгээ мэдэгдсэн юм. Түүнчлэн АНУ БНХАУ-ыг гаднын компаниудад шахалт үзүүлж байна гэж шүүмжилж байгаа аж. Улмаар БНХАУ-аас импортлох 50 тэрбум ам.долларын технологийн салбарын бүтээгдэхүүнүүдийн татварыг нэмэгдүүлж магадгүй байгаа юм.
Үүнээс гадна энэ долоо хоногийн сүүлээр Канадын Квебек мужид "Их 7"-ийн уулзалт болно. Уулзалтын үеэр Европын Холбоо, Канадын талаас АНУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж магадгүй байна. Одоогоор ган, хөнгөн цагааны импортын татвараас чөлөөлөхгүй бол АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ бүсийн орнууд мэдэгдээд байгаа юм.
Канадын Сангийн сайд Билл Морно “АНУ ямар ч ашиггүй арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Бидний хувьд нөхцөл байдал хязгаарлагдмал, таагүй нөхцөл байдал үүсэж байгаа. “Их 7”-ийн гишүүн орнууд АНУ-ын татварын асуудлаар саналаа нэгтгэж байгаа. Гол нь АНУ-ыг хоёр талд аль алинд нь ашиггүй татварын бодлогоос татгалзахыг ятгах хэрэгтэй. Энэ нь талуудын эдийн засгаас гадна АНУ, Канадын иргэдэд хор хөнөөлтэй шийдвэр” гэж мэдэгджээ.









