Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад ОХУ-д гэнэтийн айлчлал хийлээ
Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад ОХУ-д гэнэтийн айлчлал хийсэн байна. Тэрбээр Сочи хотод тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Уулзалтын үеэр талууд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа болон Сири дэх ОХУ-ын компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцсон байна. Башар Ассад Владимир Путинтэй уулзах үеэр улсынхаа Үндсэн хуулийг шинэчлэхийг зорьж байгаагаа мэдэгдээд энэ асуудлаар НҮБ-д элчээ илгээхээр төлөвлөж байгаа онцолжээ. НҮБ Женевт Сирийн асуудлаар энхийн яриа хэлэлцээ хийхээр хэд хэдэн удаа оролдсон ч үр дүнд хүрээгүй аж. ОХУ долоон жил үргэлжилсэн Сирийн иргэний дайны үеэр Башар Ассадын гол холбоотон улс байсан бөгөөд Сирийн Ерөнхийлөгч өмнө нь 2017 оны 11 дүгээр сард ОХУ-д айлчилж, Владимир Путинтэй уулзсан юм. Үүний дараа 12 дугаар сард Владимир Путин Сири дэх ОХУ-ын агаарын баазаар зочилж, тус бүсэд байрлах цэргийнхээ тоог нэмэгдүүлэхээ зарлажээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
|









