Худалдааны төвд гарсан галын буруутанг баривчиллаа
ОХУ-ын Кемерово хотын “Өвлийн интоор” худалдааны төв гуравдугаар сарын 25-нд гал гарч, ойролцоогоор 64 гаруй хүн амиа алдсан. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь хүүхдүүд байсан юм. Энэ хэрэгт холбогдох буруутай хүмүүст хариуцлага тооцох болно гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн удаатай.
Тэгвэл өнөөдөр “Кемеровын талх, нарийн боовны үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Юлия Богдановаг энэ хэрэгт холбогдуулан баривчиллаа. Тус компани нь “Өвлийн интоор” худалдааны төвийг эзэмшдэг ажээ.
ОХУ-ын мөрдөн шалгах хорооны төлөөлөгч Светлана Петренкогийн мэдэгдэж буйгаар, “Өвлийн интоор” худалдааны төв нь галын аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангахгүй байгаа гэдгийг удаа дараа Богдановад анхааруулж байсан. Гэхдээ тэрбээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь өнөөдөр олон тооны хүүхэд амиа алдахад хүргэлээ гэв.
Богдановад галын аюулгүй байдлын шаардлагыг зөрчсөн төдийгүй улмаар олон хүнийг амиа алдахад хүргэсэн хэргээр буруутгаж байгаа ажээ.