Америкийн 60 дипломатчийг Оросоос хөөж, Санкт Петрбургийн консулын газрыг хаахаар боллоо
ОХУ-ын эсрэг Их Британий санаачилсан хоригийн хүрээнд Вашингтоны эрх баригчид Оросын 60 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөхөөр болсон билээ. Мөн Сиэтл дэх ОХУ-ын консулын газрыг хаах шийдвэр гаргасан юм. Тэгвэл ОХУ-ын гадаад хэргийн яам энэ үйлдлийн хариу болгож, АНУ-ын 60 дипломатчийг хөөж, Санкт Петрбург хот дахь Америкийн консулын газрыг хаах шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Америк дипломат ажилтнуудын 58 нь Москва дахь элчин сайдын яамны, үлдсэн хоёр нь Екатеринбург хот дахь ерөнхий консулын газрын ажилтнууд байхаар болсон байна.
Эдгээр албан хаагчид дөрөвдүгээр сарын 5-ны дотор ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарах ёстой болжээ. Санкт Петрбург дахь АНУ-ын консулын газар гуравдугаар сарын 31-нээр үйл ажиллагаагаа зогсоох юм.
Энэ сарын эхээр Их Британид амьдардаг Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийг охин Юлиягийнх нь хамт химийн бодисоор хордуулсан хэрэгт ОХУ-ын эрх баригчдыг Лондоны засгийн газар буруутгаж байгаа.
Мөн Их Британиас гадна АНУ, Канад, Австрали, Европын Холбооны зэрэг 25 улсын засгийн газар Оросын нийт 150 орчим дипломат ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: Russia Today