Юанийн хүч ба Монголд илүүдэхгүй болгоомжлол

2018 оны 3 сарын 15

Хятадын нөлөөний эсрэг барууны ертөнц эрс арга хэмжээ авч эхэллээ

Цасан бөмбөг шиг томорч буй юанийн хүчийг сааруулахаар чинээлэг орнууд хүч хавсарч байна. Гэхдээ валютын ханшны тухай яриагүй гэдгээ нийтлэлийн эхэнд тодотгоё. Харин юаниар дамжин улс төр, төрийн байгууллага, дээд боловсрол, урлаг соёл, хэвлэл мэдээллийн салбарт нь Хятад улс нөлөөгөө тогтоож буйг барууны ертөнц үл тэвчиж эхэллээ. Өмнөд хөршийн эдийн засаг өсөхийн хэрээр тус улсыг худалдааны түншээр хардаг байсан улс орнууд болгоомжилж эхэлсэн юм. Тиймдээ ч Хятадын нөлөө өнөөдөр дэлхийн улс төрийн халуун сэдвийн нэг болоод байна. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл Австралийн сөрөг хүчний од, парламентын гишүүн Сэм Дастиари Хятадын бизнес эрхлэгчээс хандив авсны улмаас албан тушаалаасаа огцорсон явдал.

Австралийн Хөдөлмөрийн намын гишүүн тэрбээр хуулийн үйлчилгээний төлбөртөө Хятадын Шэньжэньд төвтэй Yuhu компанийг үндэслэгч Хуан Шианмогоос 40 мянган ам.долларын тусламж авсан, мөн аяллын зардлыг нь манай өмнөд хөршийн нэгэн боловсролын байгууллага санхүүжүүлсэн тухай томоохон хэвлэлүүд шуугив. Энэ тухай Financial Times “2010 онд 26 насандаа улс төрд орж ирсэн Сэм Дастиаригийн долоон жил амжилттай урагшилсан карьер Хятадтай холбоотой асуудлаар төгсгөл болов. Хуан Шианмогоос хандив авсан тухай мэдээлэл намжиж амжаагүй байхад сенатч Дастиари Хятадын сэтгүүлчид оролцсон хэвлэлийн хурлын үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн газар нутгийн санаархлыг дэмжихийг уриалсан нь сүлжээгээр тарж, улс төрийн карьер нь төгсгөл болох сүүлчийн цохилт болов. Эцэст нь, тэрбээр намын даргынхаа шахалтаар ийнхүү улс төрөөс гарлаа” хэмээн бичсэн байна. Хэрэг явдал гэнэт өрнөж, Австрали нэг л өдөр болгоомжлоогүй нь мэдээж. Угаас тус улсын улс төрийн хоёр гол хүчин Хятадын бизнес эрхлэгчдээр 10 гаруй жил угжуулж, таван сая ам.доллар авсан гэдгийг Ерөнхий сайд нь ч гэсэн мэддэг.

Тиймээс юанийн нөлөөг хумихын тулд улс төрийн хүчнүүдийг гадаадын харьяатаас хандив авахыг хориглож, гадаадын байгууллагатай хамтарч ажилласан бол ил тод тайлагнах тухай хууль баталсан байна. Үүний дараахан The Economist сэтгүүл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дугаартаа Хятадын нөлөөллийн эсрэг барууны ертөнц эрс арга хэмжээ авч эхэлсэн тухай нийтлэлийг онцолсон юм. Хүн ам нь багтаж шингэхээ байсан Хятад улс газар нутгийг нь эзлэхгүй ч оюун санааг нь эзэмдэх вий гэдгээс улс орнууд болгоомжилж буй юм. Газар нутгаа таслан өрнийхөө оронд шууд өг гэж шахахгүй ч оюун санааг нь эзэмдэх хүч аль хэдийнэ үйлчилж эхэлсэн учраас нөлөө бүхий эдийн засгууд юанийн эсрэг улаан гэрэл асаагаад буй хэрэг. Германы тагнуулын газраас Хятадыг LinkedIn-ийн бизнесийн сүлжээгээр дамжуулан гадаадад үнэ төлбөргүй аялах санал тавих замаар Германы улстөрчид, төрийн албан хаагч нийлсэн 10 орчим иргэнд нөлөөлөхийг оролдсон тухай парламентын сонсгол хийсэн гэж The Economist сэтгүүл бичсэн байна.

Хятад улс одоо “Хүйтэн дайн”-ы үеийнх шиг зөөлөн хүч байхаа болсон

Харин Хятадын эрх ашгийг урдаа барьсан хүмүүс Канадын Засгийн газар, орон нутгийн удирдлагын түвшинд байгаа гэдгийг Канадын тагнуулын газраас 2010 онд мөн мэдээлж байсан байна. АНУ-д ч гэсэн Хятадын нөлөөллийн эсрэг сонсголыг оны өмнөхөн Конгресс дээр зохион байгуулжээ. Капитол Хиллд болсон сонсголын үеэр Хятадын асуудлаарх Конгрессийн гүйцэтгэх хорооны дэд дарга, сенатор Марко Рубио АНУ-ын дээд боловсролд Хятад дэндүү дураараа оролцож байгааг шүүмжлээд, бизнес эрхлэгч, бодлого тодорхойлогчдыг хариу арга хэмжээ авахгүй байгаад буруушаасан аж. ӨӨР НЭГ ЗЭВСЭГ АНУ- ын Конгрессийн сонсголын дараа 16 гишүүн стратегийн салбаруудад гаднын нөлөөлөл хэр зэрэг байгааг мэдээлэхийг Засгийн газраасаа хүссэн байна. Хүсэлтдээ Холливудын нэгэн кино компанийг худалдаж авсан Dalian Wanda групп, мөн кино театрын гадаадын хоёр сүлжээг дэлгэрэнгүй танилцуулахыг тусгажээ.

Оюун санааны өөр нэг зэвсэг нь Күнзийн сургалтын төвүүд. Одоогоор хилийн чанадад Хятадын Засгийн газрын санхүүжилттэй 500 орчим ийм төв, сан бий гэж The Economist бичжээ. Харин Күнзийн сургалттай 1000 орчим дунд сургууль байдгийн дийлэнх нь чинээлэг орнуудад байрладаг байна. Эдгээр төвөөс эхлэн гаднынханд хятад хэл заахын зэрэгцээ Хятадын авторитар тогтолцоог сурталчилдаг нь болгоомжлох гол шалтгаануудын нэг аж. Харин шинжлэх ухааны салбарт юаниар угжуулдаг тинк танк төвүүд баруунд олон бий. Хятадын эсрэг аливаа шүүмжлэл, сөрөг мэдээллийг хязгаарлахын тулд Хятадын төрийн байгууллагууд барууны тинк танк, их сургуулиудтай харилцаагаа цуцалтгүй зузаатгасаар буй. “Тэгээд ч мөнгөөр цангасан барууны судалгааны хүрээлэнгүүдийн цангааг Хятадын ижил төстэй байгууллага тайлж өгөх нь бараг л хэвийн үзэгдэл шахуу болоод байна” хэмээн Вашингтон дахь Жэймстаун тинк танкийн Питер Маттис ярьжээ. Харин Сиднейд Австрали, Хятадын харилцааны хүрээлэнг байгуулахад Австралийн улс төрийн намд хандив өгдөг ноён Хуан хоёр сая австрали доллар өгч байсан түүхтэй аж. Бусад улс орны адилаар Хятад ч гэсэн виз, тэтгэлэг, хөрөнгө оруулалт, соёлоороо дамжуулан сонирхлоо хэрэгжүүлэх гэж оролддог.

Гэхдээ энэ үйл ажиллагаа чимээгүй бөгөөд тасралтгүй тэлж буй нь улс орнуудад аюул занал болж байна. Тиймээс л эрс арга хэмжээ аваад буй хэрэг. Өнгөрсөн зун болсон Францын кино фестивалийн үеэр Хятадын контемпорари урлагийн төлөөлөл болох нэгэн киног гаргахаас зохион байгуулагчид татгалзсан байна. Ийм алхам хийсэн шалтгаанаа Францын тал Хятадын эрх баригчдаас үзүүлсэн “албан ёсны шахалт” хэмээн тайлбарлажээ. Хятад улс одоо “Хүйтэн дайн”-ы үед тодорхойлж байсан шиг Soft power буюу зөөлөн хүч байхаа больсон. Харин Sharp power боллоо хэмээн судлаачид тодорхойлж байна. Тив, тэнгис далайгаар зааглагдаж байгаа хөгжингүй орнууд хүртэл энэ хүчнээс болгоомжилж байгааг хөрш орон нь болсон бид мэдээгүй дүр үзүүлээд сууж болохгүй. Дэргэд нь хамаг хаяагаа дэлгэж орхичихоод хэнэггүй суудаг зангийнхаа горыг үнэндээ бид ханатлаа амслаа. Монголчуудыг 40 жил тэжээсэн “Эрдэнэт үйлдвэр”-ээ Африкийн “Стандарт” банкинд алдлаа гэтэл яг үнэндээ цаад эзэн нь хэн байсныг саяхан л мэдлээ шүү дээ. Хоёр жилийн өмнө тус банкны 60 хувийг Хятадын төрийн хамгийн том банк болох Аж үйлдвэр, худалдааны банк худалдаж авсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт л дотоодын хэвлэлүүдэд ил боллоо. Мөн Далай ламын айлчлал бүрийн дараа урд хөршийн зүгээс хуйсагнадаг салхины тухай дэлгэрэнгүй тоочих нь илүүц, бүгд л ойлгож байгаа биз ээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Гэхдээ цасан бөмбөг биднийг уйлахын завдалгүй хамж аваад явчихаж мэдэхээр томорч байна.

"ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54920
0 эможи
keyboard_arrow_up