В.Путин: Улсынхаа эдийн засгийг сэргээсэн нь миний хамгийн том амжилт

2018 оны 3 сарын 12

в.путин зурган илэрцүүд

ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин АНУ-ын NВС сувгийн сэтгүүлч Мегин Келлид ярилцлага өгчээ. Кремлийн албан ёсны сайтад нийтэлсэн уг ярилцлагын нэгдүгээр хэсгийг хөрвүүлэн хүргэж байна.

-Ноён Ерөнхийлөгч өө, бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Орос улс зэвсгийн хэд хэдэн шинэ систем боловсруулж эхэллээ. Тухайлбал, тив хоорондын шинэ баллистик пуужин бүтээж, агаарын довтолгооноос хамгаалах системээ шинэчилсэн. Барууны зарим шинжээч энэхүү үйлдлийг тань "Хүйтэн дайн зарлалаа” хэмээн дүгнэсэн. Та үнэхээр хүйтэн дайныг хүссэн гэж үү?

-Миний бодлоор “Орос хүйтэн дайн өдөөж байна” гэх шуугианыг шинжээчид бус үзэл сурталтнууд дэлгэрүүлсэн. Миний өнөөдөр хэлсэн үг Оросын Засгийн газрын зорилго биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай пуужингийн довтолгооноос хамгаалах хөтөлбөрийн шинэчлэл бол Пуужингийн довтолгооноос хамгаалах олон улсын гэрээнээс АНУ 2002 онд татгалзсаны хариу юм. АНУ хэлэлцээрээс гарсны дараа зэвсэглэлээр хөөцөлдөх явдал олон улсад газар авсан. Өөрөөр хэлбэл, Вашингтоны тал хэлэлцээрээс гарсан нь алдаа болсон. Бид үүнийг зогсоохыг хичээсэн. Стратегийн аюулгүй байдлын төсөл дээр хамтран ажиллах саналыг Вашингтоны талд удаа дараа тавьсан ч татгалзсан хариу сонссон. Би танай улсын Засгийн газарт хандан “Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх шаардлагатай байна. Иймд танай боловсруулсан системийг хөгжүүлэх хамтарсан баг томилъё” гэсэн санал хүргүүлсэн. Гэтэл "Бид Оросын эсрэг пуужингийн систем байгуулаагүй. Та бүхэн хүссэн системээ өөрсдөө байгуул” гэсэн хариу Пентагоноос өгсөн.

-Та энэ хүсэлтээ 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа тавьсан уу?

-Үгүй ээ, Вашингтоны тал Пуужингийн довтолгооноос хамгаалах олон улсын гэрээнээс татгалзсаны дараа тавьсан юм. Тэгэхээр 2003-2004 онд хүсэлт тавьж байсан.

-Та Вашингтон хэлэлцээрээс гарсан нь алдаа болсон гэлээ. Хэдийгээр 16 жил өнгөрсөн ч АНУ-д аюул заналхийлж байна гэж та үзэж байна уу?

-Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх нь аюул, занал учруулж байна гэж шүүмжилдэг ч АНУ-ын түншүүд энэ талаар хүлээн зөвшөөрсөн удаагүй. Тэд хамгаалалтын системээ Ираны эсрэг чиглүүлсэн гэж мэдэгдэж байсан. Эцсийн эцэст энэ нь бидний цөмийн хоригийн чадавхийг хүчингүй болгоно гэдгийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Нөхцөл байдлыг төсөөлөөд үзье. 1972 онд гарын үсэг зурсан гэрээгээр АНУ болон ЗСБНХУ- ын пуужингийн довтолгооноос хамгаалагдсан зөвхөн хоёр бүс байв. Энэ хоёр бүсийг болзошгүй аюул занал учруулсан түрэмгийлэгчдээс хариу арга хэмжээ авахын тулд байгуулсан. Гэтэл 2002 онд АНУ-ын засаг захиргаа “Бидэнд пуужингаас хамгаалах бүс хэрэггүй” гэж үзсэн.

-АНУ 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа аюулгүй байдлынхаа бодлогод өөрчлөлт оруулсан. Хэрвээ танай улсад тийм аюул нүүрлэсний дараа та үндэсний аюулгүй байдлын болон улс төрийн бодлого чиглэлээ өөрчлөх үү?

-Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг баллистик пуужинг эсэргүүцэх зорилгоор бүтээсэн болохоос террористуудтай тэмцэхэд чиглээгүй. Энэ бол таны нэвтрүүлгийг үздэг гэрийн эзэгтэй нарын тайлбар юм. Хэрвээ гэрийн эзэгтэй нар миний үгийг сонсч байгаа бол есдүгээр сарын 11-ний халдлага, пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь хоорондоо ямар ч хамааралгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Террорист халдлагаас ард түмнээ хамгаалахын тулд их гүрнүүд бие биедээ заналхийлж болохгүй. Терроризмын эсрэг тэмцэх хүчин чармайлтаа  нэгтгэх хэрэгтэй.

-Гэхдээ зарим шинжээч танай улс хамгаалалтын системээ амжилттай туршсан гэж үзсэн бол зарим нь  худлаа мэдээлэл хэмээсэн. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би өнөөдөр хэд хэдэн системийн тухай ярьсан. Та яг алийг нь онцолж байна вэ.Тив алгасагч хүнд баллистик пуужингийн талаар сонирхож байна уу.

-Тийм ээ. Би энэ  пуужингийн тухай асууж байна. Энэхүү пуужин нь болзошгүй аюулаас хамгаалахад чиглэсэн үү?

-Өнөөдөр миний ярьсан бүх зүйл пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хөгжлийн тухай байх болно. Манай эрдэмтдийн зохион бүтээсэн тив алгасагч хүнд баллистик пуужин бол энэ системийн хөгжлийн утга учир юм.

-Туршилт амжилттай болсон уу?

-Туршилт амжилттай болсон. Зарим систем дээр нэмэлт тоноглол хийх шаардлагатай байна. Гэхдээ пуужинг үйлдвэрийн дамжилгад шилжүүлсэн. АНУ ийм системийг Аляскад байрлуулсан шүү дээ. Аляск, Оросын дорнод хязгаар Чукоткийн эргээс 60.. километрийн зайд оршдог. Түүнчлэн Зүүн Европын хоёр ч улсад Пентагон системээ байрлуулсныг дурдах хэрэгтэй. Румынд аль хэдийнэ байрлуулсан бол Польш дахь систем угсралтын ажил дуусч байна. Агаарын довтолгооноос гадна усан хилийг орхигдуулж болохгүй. АНУ-ын тэнгисийн цэргийн флотууд манай тэнгисийн хилд ойртдогийг дурдах нь зүйтэй. Та нар нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Бид пуужингийн системээ Мексикт эсвэл Канадад АНУ-ын хилийн ойролцоо байгуулаагүй. Биднийг зэвсэглэлээр хөөцөлдөх “уралдаанд” түрүүлэхийн төлөө өрсөлдөж байна гэж хардах хэрэггүй.

-Та АНУ-ын талд шинэ систем хамтран бүтээх санал хүргүүлсэн тухайгаа дээр дурдсан. Пентагон татгалзсан учраас танай улс цөмийн эх үүсгэвэртээ тулгуурлан тив хоорондын баллистик пуужин шинээр бүтээсэн гэж ойлгож болох уу. Энэ загвар пуужингийн довтолгооноос хамгаалах системийг үнэгүйдүүлэхгүй гэж үү?

-Мэдээж үгүй. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч “Бид юу ч хийхгүй” гэсэн боловч Пентагон "Бид пуужингийн эсрэг дэлхий нийтийн хамгаалалтын орчин үеийн хүчирхэг систем бий болно" гэсэн. Хэрвээ хүсвэл тухайн үед манай америк түншүүдийн хэлсэн үгийг би танд одоо ч хэлэхэд бэлэн байна.

-Тэр үед хүү Жорж Буш АНУ-ын Ерөнхийлөгч байсан уу?

-2002, 2003, 2004 онд АНУ-ыг хэн засаглаж байсан юм бэ. Тэр хүнд би 15 жилийн өмнө “Та нар шиг пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэхгүй” гэдгээ хэлсэн. Нэгдүгээрт, энэ систем бүтээхэд өртөг өндөр. Хоёрдугаарт, бид илүү боловсронгуй систем бүтээхийг зорьсон. Гэхдээ стратегийн тэнцвэрийг хадгалахын тулд бид цөмийн зэвсэглэлийг хүчингүй болгож, пуужингийн довтолгооноос хамгаах системийг эсэргүүцэх хүчин чадалтай шинэ систем хөгжүүлэх болно.

-ОХУ болон танай холбоотнуудын эсрэг ямар нэгэн дайралт, эсвэл зөвхөн цөмийн цохилт өгсөн үед та шинэ системээ ашиглах уу?

-Та "Авангард” пуужингийн системийн талаар ярьж байх шиг байна. Би 2004 онд энэ талаар ярьж байсан. Стратегийн зэвсэглэлийг цөөлөх болон пуужингаас  хамгаалах систем бол агуулгын хувьд адилгүй. Манай улс СНВ-3 (Стратегийн зэвсэглэлийг цөөлөх тухай ОХУ, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр) хэлэлцээрийн дагуу пуужин тээвэрлэгч, цэнэгт хошууныхаа тоог цөөлөхөөр болсон. Харин АНУ пуужингийн эсрэг системийг байгуулж эхэлсэн. Энэ нь эцэстээ Оросын пуужингийн хүчин чадлыг бүхэлд нь тэг болгож бууруулах нөхцөл байдал үүсгэж болзошгүй. Тиймээс бид стратегийн зэвсэглэлээ харилцан цөөлөхийг уриалж байна.

-ОХУ-ын Батлан хамгаалах хүчин 4000 нэгж цөмийн зэвсэгтэй гэгддэг. Энэ АНУ-ын пуужингийн эсрэг системийг даван туулахад хангалтгүй гэж үү?

-Өнөөдөртөө бол боломжтой. Гэхдээ пуужингийн эсрэг системийг боловсронгуй болгож байна. Пуужингийн эсрэг хэмжээ, нарийвчлал нэмэгдэх тусам энэ систем сайжирна. Тиймээс бид энэ асуудалд хангалттай хариу өгөх хэрэгтэй. Ингэснээр бид өнөөгийн тогтолцоог даван туулж чадна.

-Би ойлгож байна. Тиймээс ОХУ-ын цөмийн хөдөлгүүртэй, тив хоорондын баллистик пуужин нь нөхцөл байдлыг өөрчлөх хүчин зүйл болно. Туршилт амжилттай болсон тухай та хэлсэн шүү дээ. Одоо ОХУ-д цөмийн хөдөлгүүртэй, тив хоорондын баллистик  пуужин бүтээж буй ажлын хэсэг, шинэ төслийн хувилбар бий юү?

-Сонс доо, туршилтын үеэр ямар нэг амжилтгүй зүйл тохиолдсон гэж би хэлээгүй. Туршилт сайн болсон. Зөвхөн пуужингийн системүүд нь бэлэн байдлын хувьд янз бүрийн шатанд байна. Зарим систем  төлөвлөгөөний шатанд байна. Манай улс хүнд ангиллын “Воевода" гэх шинэ пуужин зохиосныг америкчууд “Сатана" гэж нэрлэсэн. Энэ бол бидний шинээр зохион бүтээсэн цорын ганц баллистик пуужин юм. Бусад нь баллистик бус пуужин. АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь баллистик пуужингийн эсрэг чиглэсэн байдаг. Энэ систем нь Оросын шинэ стратегийн пуужингуудад хамаарахгүй гэсэн үг. Товчхондоо, АНУ-ын татвар төлөгчдийн мөнгө салхинд хийссэнтэй адил.

-Өмнөх асуултаас тодруулахад, болзошгүй аюулын эсрэг Орос шинэ системээ ашиглана гэсэн. Энэ нь цөмийн зэвсэг үү эсвэл бусад төрлийн зэвсэглэл үү?

-Манай улс хоёр тохиолдолд цөмийн зэвсэгт хүчнийхээ тусламжтайгаар хариу цохилт өгдөг. Энэ нь үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан, ОХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгсөн гэх хоёр шалтгаан юм.

-СНВ-3 хэлэлцээрийн хэрэгжилтийн хугацаа дуусах дөхөж байна. ОХУ хэлэлцээрийг үргэлжлүүлэх үү. Танай шинэ систем хэлэлцээрт саад учруулах болов уу?

-Бид энэ хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн. Бид одоо байгаа нөхцөл байдлыг үргэлжлүүлж, пуужин тээвэрлэгч болон цэнэгт хошууг цөөлөх саналыг хэвээр үлдээхийг хүсч байна. Гэхдээ АВМ системийг эвдэх хүчин чадалтай зэвсэглэл бий болсон үед бид баллистик пуужин, цэнэгийн тоог багасгах нь тийм ч чухал биш юм. Тээвэрлэгчдийн тоо болон хэмжээ, байршлыг тооцоолох хэрэгтэй. Цэргийн салбарынхаа нэгнийхээ ажилд хүндэтгэлтэй хандаж, юу хийхээ мэддэг. Харин ярихаас хэтэрдэггүй хүмүүс бол улстөрчид.

-Та ч бас улстөрч биз дээ?

-Би бол цэргийн хүн. Би 17 жил тагнуулын офицер хийсэн. Одоо улсынхаа зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албыг хашиж байна.

-Таныг КГБ-д ажиллаж байсныг бүгд мэднэ. Энэ танд эерэг сэтгэгдэл төрүүлдэг үү?

-Эерэг ч биш сөрөг ч биш. Тагнуулын байгууллагад ажилласнаараа би бусад салбарынхаас илүү туршлага хуримтлуулсан.

-Ямар туршлага хуримтлуулснаа бидэнтэй хуваалцана уу?

-Би КГБ-ээс гарсныхаа дараа Петербургийн их сургуулийн ректорын туслахаар ажиллаж байсан. Эндээс би хүмүүстэй хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох чадварыг хуримтлуулсан юм. Энэ бол академик орчинд байх ёстой чадвар. Дараа нь Санкт-Петербург хотын захирагчийн туслахаар ажилласан. Би Санкт-Петербургийн олон улсын харилцааг хариуцаж байв. Би энэ албан тушаалыг хаш ч байхдаа Генри Киссинжертэй уулзсан. Энэ бүх туршлага минь намайг Москва руу томилогдоход нөлөөлсөн болов уу.

-Та ОХУ-ын төрийн тэргүүний албыг олон жил хашлаа. Энэ хугацаанд АНУ-д дөрвөн Ерөнхийлөгч төр барьсан шүү дээ. Та тэдгээр Ерөнхийлөгчөөс хэнийг нь онцолж дүгнэх вэ?

-Та намайг уучлаарай,гэхдээ энэ үнэхээр тохиромжгүй асуулт байна. Төрийн тэргүүнүүд бүгд өөрийн гэсэн арга барилтай. Би АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашсан бүх эрхэмтэй сайн харилцаатай байсан. Билл Клинтонтой одоо ч хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Жорж Буш, Барак Обаматай хамтран ажиллахад сайхан байлаа. Үүний зэрэгцээ бид маргаантай, санал зөрөлдөж, бүр гол асуудлууд дээр өөр байр суурь баримталж байсан ч хувь хүний харилцаагаа хэвээр хадгалж үлдсэн.

-Таны ОХУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа бүтээсэн амжилт болон гаргасан алдаа тань юу байв?

-Хамгийн том амжилт бол бид эдийн засгаа эрс өөрчилсөн явдал юм. Улсын хэмжээнд ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа хүмүүсийн тоог хоёр дахин багасгасан. 2000 оны эхээр манай улсад төрөлт эрс буурч байв. Энэ гамшиг байсан. Энэ нөхцөл байдлыг бид өөрчилж, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлсэн. Улмаар нялхсын болон эхийн эндэгдэл буурч байна. Алт, гадаад валютын нөөц өсч, макро эдийн засгийн тогтвортой байдал бий боллоо. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах эдийн засгийн бүтцийг өөрчлөх дараагийн алхам хийх боломжийг бидэнд олгож байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54764
0 эможи
keyboard_arrow_up