Р.Р.Ракшаев: Монгол Улсад суугаа Орос иргэд ерөнхийлөгчийн сонгуульдаа саналаа өгнө
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 18-нд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх сайд Р.Р.Ракшаев "Орос улсад төрийн тэргүүнээ 6 жил тутамд сонгодог. Энэ удаагийн сонгууль уламжлал ёсоор амралтын өдөр буюу гуравдугаар сарын 18-ны Ням гарагт болно.
Монгол дахь санал хураах байрууд ч мөн энэ өдөр 08:00-20:00 цаг хүртэл нээлттэй байна.Одоогоор Монгол Улсад түр хугацаагаар эсвэл байнгын оршин суугаа нийт 1,300 гаруй сонгогч байна. Тэд Монгол Улсын 3 санал хураах байранд очиж сонгуульд оролцох юм.
Тодруулбал, Улаанбаатар хотод оршин суугаа сонгогчид Орос-Монголын хамтарсан 14-р сургуулийн байран дээр очиж саналаа өгнө. Дархан (Залуучуудын гудамж), Эрдэнэт (5-р хороолол) хотын консулын газарт мөн сонгуулийн байрууд ажиллах болно.
Сонгогч нь ОХУ-ын насанд хүрсэн иргэн байх бөгөөд гадаад, дотоод паспорт нь хүчинтэй байх ёстой.
ОХУ-ын СЕХ-ны даргын өгсөн мэдээллээр сонгогчдын тоо 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 108 саяд хүрсэн байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны консулын газрын мэдээлснээр гадаадад оршин суугаа нийт 1,875,408 сонгогч байгаа юм.
Нэр дэвшигчдийн тухайд гэвэл 8 хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Нэг нь бие даан нэр дэвшигч бол, үлдсэн нь улстөрийн намуудаас сонгогдсон нэр дэвшигчид юм" гэлээ.
Энэ удаагийн сонгуульд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бие даан, улиран нэр дэвшсэнээр ялалт байгуулах магадлал өндөртэй нэр дэвшигчээр тодроод буй.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









