ОХУ 80 газрыг тусгай хамгаалалтад авахаар болжээ
ОХУ өдий хүртэл 71 бүсийг олон улсын зэрэглэлийн тусгай хамгаалалтад бүртгүүлсний 14-ийг нь сүүлийн 10 жилд оруулжээ.
Тус улс энэ онд долоон бүсийг улсын, 73 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй бөгөөд экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа гэнэ. ОХУ-ын Сочид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн асуудлаарх олон улсын чуулганы үеэр тэд ийн мэдээлжээ.
“100 жил байгалиа хайрлан хамгаалж байна” уриан доор болсон чуулганд НҮБ, ЮНЕСКО-гийн төлөөлөгчдөөс гадна Казакстан, Финланд, Иран, Беларусь зэрэг орноос байгаль хамгаалагч оролцжээ. Харин манай улсыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа төлөөлж, Улаанбаатарт удахгүй болох “Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаарх Монгол, Оросын хамтарсан комиссын VII хуралдаан”-ы талаар санал солилцсон байна.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР