ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путинтай эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж магадгүй

2017 оны 9 сарын 04

Ирэх оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дахин өрсөлдөж, ерөнхийлөгчийн дөрөв дэх бүрэн эрхээ эдлэх нь тодорхой болоод байгаа.

 

 

Нэгэнт үр дүн тодорхой болсон энэ сонгуульд харин хэн түүнтэй өрсөлдөх нь тодорхойгүй байгаа юм. Уг нь авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный өрсөлдөхийг хүсэж байгаа ч эрх баригчид түүний эсрэг эдийн засгийн гэмт хэрэг үүсгэн боломжийг нь хаагаад байна. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн хууль ёсоор нэр дэвших эрхгүй болдог юм.

Харин сүүлийн өдрүүдэд Оросын улс төрийн хүрээнийхний дунд Путинтай өрсөлдүүлэх нэр дэвшигчээр эмэгтэй хүн сонгох нь гэсэн яриа тарж эхэлсэн байна.

Ерөнхийлөгчийн арын албатай ойр эх сурвалжийн мэдээлснээр 5-7 эмэгтэй нэр дэвшигчийн нэр яригдаж эхэлсэн гэнэ. Тэдний гурав нь 2006 онд байгуулагдсан Шударга Орос намын гишүүн болохыг эх сурвалж баталжээ.

Тэдний нэгд тооцогдож байгаа эмэгтэй нь Наталья Великая юм. Тэрээр энэ санааг “нэгэнт үр дүн тодорхой сонгуулийг сонирхолтой болгох ухаалаг шийдэл” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Өөр нэг хүчтэй яригдаж байгаа эмэгтэй улс төрч нь нийгмийн сүлжээний од, жүжигчин Ксения Собчак ажээ. 1990-ээд оны эхээр Санкт Петрбург хотын дарга байсан, Путиныг улс төрд орох эхэн үед нь дэмжигч байсан Анатолий Собчак түүний эцэг юм.

Нэгэн үе Оросын Парис Хилтон гэгддэг байсан Ксения сүүлийн жилүүдэд сөрөг хүчний идэвхтэй улс төрч болоод байгаа. Гэвч тэрээр энэ таамгийг даруй няцаасан мэдэгдэл Инстаграм хуудсандаа нийтэлсэн байна.

Ксения “Дээд эрх баригчдын хэн нь ийм зүйл ярьж байгааг мэдэхгүй юм. Гэвч олон жил улс төртэй ойр явсан хүний хувьд надад нэг л үнэлгээ бий. Жентельмэнүүдээ, өнөөдрийн та нарын хийж байгаа улс төр бол хог шаар! Уйтгартай, жигшмээр зүйл!” гэж бичжээ.

Владимир Путины нэр хүнд Оросын олон нийтийн дунд өндөр байгаа тул түүнийг дахин зургаан жил ерөнхийлөгчийн суудалд заларч, Сталинаас хойш хамгийн удаан Оросыг удирдсан хүн болгох нь тодорхой байна.

Харин түүнтэй өрсөлдсөн нэр зүүх хүнийг олох л хэцүү байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46673
0 эможи
keyboard_arrow_up