Оросуудын дийлэнх В.Путинг дэмжив
“Өнөөдрийн Орос” агентлагаас “Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжих вэ?” Гэсэн санал асуулгыг Оросын ард түмний дунд явуулсан байна. Санал асуулгад хамрагдсан иргэдийн олонх нь одоогийн ерөнхийлөгч Владимир Путиний ажлыг үнэлж, дахин дэмжихээ илэрхийлжээ. Тодруулбал, Оросын иргэдийн 81 хувь нь В. Путиний ажлыг үнэлж, 79 хувь нь түүнд итгэж байгаагаа илэрхийлсэн аж. Харин иргэдийн 65 хувь нь Ерөнхийлөгчийн сонгууль болбол В. Путинд саналаа өгөхөө илэрхийлсэн юм. Намын бүлгийн талаар үзвэл, В. Путиний харьяалагддаг Нэгдсэн Орос нам 49 хувийн дэмжлэг авчээ. Харин Либерал ардчилсан нам 11 хувийн санал авсан байна. ОХУ –ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 онд болно. Энэхүү сонгуульд одоогийн Ерөнхийлөгч В. Путин өрсөлдөх эсэх тодорхойгүй байгаа бөгөөд Буриад улсад энэ сард айлчлахдаа “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ бодож байж шийднэ” хэмээжээ.