Хятад дэлхийн хамгийн хурдан галт тэрэгтэй болно
Дэлхийн хамгийн хурдан галт тэрэг ирэх сарын 21-нээс Хятадын Бээжин, Шанхай хотын хооронд зорчиж эхэлнэ. Зорчигч тээврийн “Fuxing” буюу “Сэргэн мандалт” гэдэг галт тэрэг 1318 км зайтай оршдог тус хоёр хотын хооронд 350 км/ц-ийн хурдтай явах гэнэ. Энэ галт тэргээр зорчиход нэг талдаа энгийн суудал 553 юань байх бол нэгдүгээр зэрэглэлийнх нь 933 юань байх аж. Тус улсын дарга Си Зиньпин уг гал тэргэнд нэр өгчээ.
Одоогоор хамгийн хурданд тооцогдож буй галт тэрэг болох “Hexie” буюу “Эв найрамдал” нь цагт 300 км зам туулдаг. Энэ нэрийг Хятадын дарга асан Ху Жинтао өгсөн байна. Хятадын хурдны галт тэрэг, төмөр замын техник хэрэгслүүд Бээжингийн хувьд бусад улсад ялангуяа “Бүс ба Зам” санаачилгад хамаарах улсуудад нийлүүлэх гол бүтээгдэхүүнүүдийнх нь нэг болжээ.
Бээжин, Шанхай хоорондын маршрут нь хамгийн их ачаалалтайд тооцогддог. Энэ замаар 2011 оноос хурдны галт тэрэг явж эхэлсэн юм. Жилд дунджаар 600 сая гаруй зорчигч тус хоёр хотын хооронд явдаг аж.